ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

754
2018 оны 02-р сарын 24
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  энэ сарын 21-25-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын хүрээнд  Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Коонотой албан ёсны хэлцээ, Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Х.Сэкотой уулзаж, Монгол-Японы бизнес форумд оролцож илтгэл тавилаа.
Манай улсын стратегийн түнш, “Гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг сайд Д.Цогтбаатар Япон улсын гадаад хэргийн сайд Т.Коонотой уулзах үеэрээ онцоллоо. Талууд цаашид улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, спорт, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцав.
Сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Кооно-г ойрын үед Монгол Улсад айлчлахыг урьсан юм.  Япон Улсын Гадаад хэргийн сайд манай улсад сүүлийн найман жил айлчлаагүй юм байна. Талууд Монгол, Японы хамтын ажиллагааг эдийн засгийн чиглэлд цаашид улам бэхжүүлэх шаардлага  байна гэдгийг тэмдэглэв. Энэ чиглэлд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр болон Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахаар тогтов.
Сайд Д.Цогтбаатар Монгол, Японы худалдааг тэнцвэржүүлэх талаар тэмдэглэж, энэ хүрээнд Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн  хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрүүдийг эрэлхийлэх санал тавив.  Сайд Т.Кооно Монгол, Японы худалдааг дэмжиж, Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг Японд нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд Японы ЖАЙКА байгууллага энэ оны дөрөвдүгээр сараас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн сүлжээг бий болгох тухай Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.
Сайд Т.Кооно Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд Японы хөрөнгө оруулагчдад мэдээлэл түгээх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн Нэг цэгийн үйлчилгээг байгуулахыг хүсэв.
Талууд “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал”-ыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд үргэлжлүүлэн хүч чармайлт тавьж ажиллахаар ярилцав. Мөн Японы туршлагаас суралцахын чухлыг дурдаж, Японы парламентын гишүүдийн туслахаар Монголын чадварлаг боловсон хүчнээс авч ажиллуулдаг практикийг хэвшүүлэх санал тавихад  Сайд Т.Кооно дэмжиж, энэ чиглэлд хамтран ажиллахаар болов.
Хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан яам хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичиг”-ийг хэрэгжилтийг хангаж,  Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг ойрын хугацаанд  байгуулахаар ярилцав. Талууд Монгол, Японы харилцаа хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд өргөжин бэхжиж байгааг дурдаад Стратегийн түнш улс орны хувьд энэ чиглэлд цаашид хамтын ажиллагаагаа улам нягт болгохоор ярилцлаа.  

Сайд Д.Цогтбаатарын айлчлал Япон улсын гадаад худалдааг дэмжих байгууллага \JETRO\-ын дэд дарга Я.Акахоши, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч А.Мимура, “Токио 2020” олимп, паралимпын  асуудал эрхэлсэн төрийн сайд Ш.Сузуки, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага \JICA\-ы  тэргүүн дэд ерөнхийлөгч К.Кошикава, Эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд К.Като нартай уулзах уулзалтаар үргэлжилнэ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.