УГЗ НАМСРАЙН ЛУТБАЯР: Үгийн нүдийг эрт олж харсандаа би өдий зэрэгтэй яваа

2430
2018 оны 02-р сарын 26

Шороон нохой жилийн босгон дээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй шагнал хүртсэн сэтгүүлч, яруу найрагч Намсрайн Лутбаяртай ярилцлаа.

-Төрдөө үнэлүүлж, Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон танд халуун баяр хүргэе. “Өнөөдөр” сонины гал голомтоос төрсөн 12 дахь Гавьяат нь та болж байна. Ерөнхийлөгч таны энгэрт Гавьяатын тэмдэг зүүж өгөх мөчид юу бодогдож байв?

-Тэнгэрт байгаа аав, охин хоёр минь намайг хараад, баярлаж байгаа болов уу гэж хамгийн түрүүнд бодогдсон. Бас хоёр сайхан ээж минь, хамгийн гол нь хань минь баярлаж гялайж байгаа байх даа гэж бодсон. Орон шоронгийн хаалга татаж, олны амны зугаа болох айхтар муу үйл хийж яваагүй ч ойр дотнын хүмүүс минь ямар их баярлаж байгаа бол гэж бодохоор сайхан байсан шүү.

Манайх гурван хүүхэдтэй. Одоо хоёр нь энх эсэн сайхан амьдарч байна. Хүүхдүүдээ хүн болгох гэж хань минь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд багагүй үүртэж түүртсэн нь мэдээж. Түүнээс илүү намайг хүний дайтай явуулах гэж миний хань хамгийн их “зовсон” байх. Мэдээж бас жаргасан нь ч бий биз.

Лутбаяр эрийн сайндаа, эсвэл эгэлгүй авьяастайдаа Гавьяат боллоо гэж би бодохгүй байна. Зүгээр нэг даруу царайлах гэсэндээ биш юм шүү. Учир нь дууны яруу найраг, сайн уран бүтээл хийнэ гэдэг ганц хүнээс огт хамаардаггүй зүйл. Уран бүтээлийн урт холын харгуйд олон сайхан хүнтэй хүн шиг нөхөрлөж, сэтгэлийн хөг эгшиг нийтгэн томж явсны минь үр өгөөж ард түмэнд хүрсний буян хишиг юм даа гэж бодож байна.

Нөгөө талаас сэтгүүлчийн ажил минь их дэм болсон байх аа. Их сургуулиа төгсөөд, Завхан аймгийн “Туяа” сонинд сурвалжлагчаар томилогдон очсоноос хойш өнөөг хүртэл сэтгүүл зүйгээс холдож чадахгүй яваа. Сонины томилолтоор уран бүтээлийн ажил хийж явахдаа эх орныхоо олон сайхан газарт очиж, мэдрэмжээ хөглөж, халиаж байсан азтай хүн дээ, би.

-Сурагч байхдаа самбо, жүдогоор барилддаг, тагнуулч болно гэж хүсдэг байсан хүү өдгөө Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Хэрэв тухайн үед таныг авсан хуваарийн тань дагуу Нийгмийг аюулаас хамгаалах яамны дээд сургуульд явуулсан бол хувь заяа яаж эргэх байсан бол...

-Юм гэдэг их сонин. Манай Эрдэнэцагаан бол эх орны торгон хил дээр байдаг сум. Хилийн цэргийн түүхэнд хоёр удаа анхны онц отряд болсон газар. Сургууль төгсөхийн алдад би Тагнуулын байгууллагад насаараа ажилласан Д.Цогт-Очир гуайн “Би од байна”, “Онцгой даалгавартан” зэрэг дайн байлдаан, тагнуулын ажилтнуудтай холбогдолтой зохиолыг уншаад, тагнуулч болохоор өвчилчихсөн, дээрээс нь өсвөрийн самбо, жүдогоор аймаг орон нутагтаа гайгүй сайн барилддагт тооцогдоод байв.

Нэг удаа Хэнтийд болсон зургаан аймгийн самбо бөхийн тэмцээнд түрүүлэхэд онгоцонд надтай ойр сууж таарсан НАХЯ-ны төлөөлөгч “Шалгалтаа өгөөд тэнцвэл чамайг бид авна” гэж урам өгч билээ. Тэгээд НАХЯ-ны дээд сургуульд шалгалт өгсөн 25 хүүхдээс би нэгээр гарсан. Гэвч ялихгүй шалтгаанаар би биш, миний дараа орсон багшийн маань хүүхэд тэр сургуульд явж байв. Тэгэхээр нь “Цэрэгт яваад, тэндээсээ Чекистийн сургуульд элсэнэ дээ” гэсэн бодолтой, ангийнхныхаа зургийг угааж өгсөн шиг ээ байж байтал “Сүхбаатарын зам” сонины нэр дээр сэтгүүлчийн ангийн нэг хуваарь ирж, тэнд нь намайг явуулсан юм.

Есдүгээр ангид байхад Мөнгөний Чимэд гуай манай нутагт очихдоо хэдэн шүлгийг минь тоож Монголын радиогоор уншуулсан нь ч нөлөөлсөн биз. Сүүлд бодоход бурхан намайг зөв тийш чиглүүлсэн юм билээ. Тийм ч учраас сэтгүүлч мэргэжилдээ эзэн байх сан гэж өнөөг хүртэл хичээж явна.

-Хүнд зураг төөрөг гэж байдаг биз. Гэхдээ амьдралд ямар ч эргэлт өөрчлөлт гарсан бай, тэр болгонд гуньж гутраад байлгүй, хувь заяаныхаа эзэн байх нь чухал юм шиг ээ?

-1987 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийг бас л дуулиантай төгссөн хүн шүү дээ, би. 1985 онд “Босоо бичиг” гэж шүлэг бичээд, үүнээсээ болж үндэсний үзэлтэн гэгдэн сургуулиас хөөгдөх шахаж байв. Их сургуулийн ректор Шагдарсүрэн, тэнхимийн эрхлэгч Дэлэг, Зулькафиль, одоогийн Бөхийн холбооны тэргүүн Нямдорж зэрэг бурхи шиг хэдэн сайхан багш нарынхаа ачаар тогтож үлдсэн удаатай. “Дахиж ийм шүлэг бичихгүй” гэж ам тангараг тавин, Мөөмөө багшид бичиг хүртэл хийж өгч байв.

-Бүр үү. Тэгээд “Лутбаяр миний бие дахиад ийм үндэсний үзэлтэй шүлэг бичихгүй” гэж бичсэн хэрэг үү?

-Тийм ээ. Би яг тэгж бичиж өгсөн. Тэгж амласнаараа олон юм хязгаарлагдсан шүү. Зүрх зориг мохоод, урамгүй ч болдог юм билээ. Гэхдээ заяасан юм гэдэг хаачих вэ. Үүнээс хойш ялих шалихгүй юманд нэр холбогдчих гээд, бурхны ивээлээр тухай бүрт үнэн зөв нь тогтоогдон аварч байсан даа.

-Их сургуулиа төгсөөд л Завхан явсан байх аа. Тэндхийн “Туяа” сонинд ажилласан он цаг таны уран бүтээлд ихээхэн үр өгөөжтэй байсан гэдэг.

-Манаргаж явсан ч дипломын ажлаа би “Найрууллын дүрийн баримт, уран сайхны харьцаа” гэдэг сэдвээр онц хамгаалсан. Хотод ажиллах боломж эхнэр, бид хоёрт аль алинд нь байсан. Гэвч биднийг оюутан байхад том хүүхэд минь төрөөд, Завханд өвөө, эмээ дээрээ байдаг байсан учраас томилолт аваад тийшээ явсан хэрэг. “Туяа” сонинд сурвалжлагчаас эхлээд эрхлэгч, үйлдвэрийн даргыг нь хүртэл хийж явлаа. Яалт ч үгүй миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй хугацаа тэнд өнгөрсөн.

Завханы утга зохиолын нэгдлийнхэнтэй танилцаж, Бавуудорж, Батсайхан, Цэвээнравдан, Жамьян, Батсүх тэргүүтэй олон сайхан уран бүтээлчтэй насны зөрүүгүй юм шиг дарвин нөхөрлөж, бие биенээ хөглөж, хөгжөөж байв. Энд нэг түүх ярихад, миний анхны дуу “Бүүвэй ээж” их сонин тохиолдлоор бүтсэн. Миний найз Банзрагчийн Баярсайхан Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонинд сурвалжлагчаар ажиллаж байв.

Манай Б.Галаарид Свердловскт сургууль төгсөж ирээд, бас тэнд ажилладаг. Бид их нийлнэ. Говь-Алтай, Завхан хоёрын хооронд бие бие рүүгээ хэчнээн ч явдаг байсан юм. Нэг удаа “Мартын 8”-ны өмнөхөн Говь-Алтайд очоод “Алтайн хөгжил” сонинд Баярсайхан бид хоёр “Үүрд хамт байгаач, ээж ээ” нийтлэл бичиж хэвлүүлээд, нэг нь Багануур руу, нөгөө нь Сүхбаатар аймаг руу ээждээ шуудангаар нөгөө нийтлэлээ явууллаа. Тэгэхэд “Бүүвэй ээж” шүлгийг минь Баяраа уншчихаад, “Би үүнийг заавал гитартай дуулна” гэсээр нэг ая хийгээд, Үйлдвэрийн ажилчдын Мартын баяр дээр дуулж билээ.

Тэр үед л дууны шүлэг бичиж болох юм байна гэсэн санаа төрж, Завханд ирэнгүүтээ Цэвээнравдан багшид “Бүүвэй ээж”-ийг өгсөн. Энэ дуу булган сүүлтэй байж, олон Гавьяатыг төрүүлсэн шүү. Нийтийн дууны ай түрлэгт хотынхноос дутахгүй хөгжлийн хуйлрал Завханд эрчилж байсан учраас удалгүй Хөгжим бүжгийн коллеж хүртэл байгуулсан.

-Удахгүй нутаг руугаа явна гэж сонссон. Таны “Аав уул” дуунд гардаг шиг аавын тань төрхийг бүтэн хадгалсан намхан уулс хүүгээ их баярлаж угтана байх даа.

-Араг шиг намхан нутгийн минь ууланд

Аавын минь төрх бүтэн байна аа хө...

Тал талдаа толгод ургуулсан

Тан шигээ нөмөртэй уул болно оо би

гэж Завханд байхдаа бичсэн. Хангайн хүмүүс талын уулыг хараад толгод гэдэг л юм. Гэхдээ орчлонд хүний онож төрсөн нутаг ус гэдэг жаахан толгод байлаа ч зүрх сэтгэлд нь хэзээд зүмбэр оргил байдаг юм билээ. Бага залуудаа нэг их юм бодолгүй энэ дууны шүлгийг бичээд, хожим бодох тусам үнэ цэнийг нь илүү мэдэрч сууна.

-“Аав минь байсан бол” гээд хуваалцахыг хүсэх амьдралын баярт мөчүүдийн нэг нь сая Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон явдал мөн болов уу. Ингэхэд таны өвөг дээдэс эрдэм номтой, цэцэн цэлмэг хүмүүс байсан гэдэг байх аа?

-Миний аав монгол хэл, уран зохиолын багш, хоёр гараараа кирилл, монголоор зэрэг их сайхан бичдэг хүн байлаа. Аавын талынхан Хатагины хар сүлдийг хоёр зуугаад жил хадгалж ирсэн түүхтэй. Аавын өвөө Загд залан хэмээх хүнийг далан таван ардын заргыг зохиосон гэж хэл шинжлэлийн эрдэмтэд хожим тогтоосон. Хошуу ноён Хурц ван Түдэнтэйгээ заргалдаж, далан таван ардын заргын бичгийг Богдод илгээж байсан тухай түүхийн сурах бичигт байдаг. Тэгэхээр надад өвөг дээдсийн эрдэм ухаанаас бага сага юм өвлөгдсөн байх аа.

Би шүлгээ хаана ч хамаагүй бичээд орхичихдог, салан хайнга хүн байгаа юм. Тавин нас хүрээд л орой руу юм орсон доо. Тэгээд “Үгийн нүд” нэртэй дууны шүлгийн ганц ном боох санаатай явсаар хоёр, гурван жил болчихлоо. Гэтэл юманд бас их учир байдаг бололтой. Миний нэр бол аавын минь надад өгсөн алдар юм. Хөхүүрт хатагин Намсрайн Лутбаяр гэдэг алдартай хүн орчлонд өөр байхгүй. Энэ алдрынхаа өмнө Гавьяат хэмээх чимэг тавьж байж номоо гаргах учиртай байж дээ гэж бодож сууна.

-Хатагины хар сүлд одоо хаана байдаг вэ?

-Хар сүлд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд миний авга ахын том хүүгийнд байгаа. Аким гуай, Цогт-Очир гуай, УИХ-ын гишүүн байсан Буд зэрэг олон хүний санаачилгаар хатагинчууд 2009 онд ургийн баяраа Монголд анх удаа маш өргөн дэлгэр хийж, хар сүлдээ тахисан. Монголчууд бид түүх, соёл уламжлалаасаа ямар их холдсон юм бэ гэдгийг тэгэхэд л мэдэрч билээ.

Өлзийт зайран гээд миний аавын өвөг эцэгт Хатагины хар сүлд байсныг 1936 онд булааж, Баянцагаан ууланд эвдэж хаясан юм билээ. Хожим үүнийг манай сумын онгоцны буудлын дарга байсан хар Дорж гэдэг хүн олоод, Төртогтох нэртэй хүүгээрээ Улаанбаатар руу явуулсан. Манай нутгийн зөвлөлийн дарга Цогт-Очир гуай түүнийг нь Солонгос руу шинжилгээнд явуулж, Хатагины хар сүлд мөн гэдгийг баталгаажуулсан.

Гэтэл сүлдний голын гилбэр нь алга болсон байсан тул түүнийг хэнээр хийлгэх вэ гээд дархчууд хайтал Төрийн дархан Төртогтох гуай таарсан. Ингээд хар сүлдээ хэнд залгамжлуулах вэ гэж ярилцсаар манайхны хамгийн том авга ах Намаралынхаа том хүү Төртогтоход өгсөн. Ийнхүү Хатагины хар сүлд оршихдоо гурван Төртогтохын гараар дамжин залагдах учиртай байсан юм билээ.

-“Үгийн нүд” гэдэг ямар их утга учиртай, сайхан нэр вэ. Үг амьтай, асар их эрчим хүч агуулдаг гэдгийг мэдэхгүй өдгөө бид нэгэн рүүгээ хаа хамаагүй чулууддаг болжээ. Үүнд сэтгэл эмзэглэнэ биз?

-Тийм ээ. Манайхан тун чиг бодлогогүй ярьдаг, бичдэг болжээ. Үг нэгэнт амнаас унасан л бол эргэж буцаан авч болдоггүй зүйл. Их сайндаа л “уучлаарай” гэнэ. Гэхдээ цаана нь юм наалдаад үлдчихдэг л байхгүй юү. Үгээр хүнийг үхүүлж ч болно, сэхээж ч болно гэдэг оргүй дэмий зүйл биш. Үгийн нүдийг эрт олж харсан тулдаа өргөн олон түмэнд үнэлэгдэж, өдий зэрэгтэй яваа болов уу гэж би боддог.

-Та ингэхэд дууны хэдэн шүлэг бичсэн бэ?

-Энд тэндээс эмхэлж цуглуулаад хартал 130 орчим юм байх шиг байна лээ. Би ер нь залхуу, салан задгай хүн шүү дээ (инээв). Шүлгийн ном гаргахаар бэлтгээд байсан эхээ хүртэл саваагүйтэж яваад алдчихсан.

-Нээрээ тэгсэн гэдэг шүү дээ. Аргагүй авьяастай тулдаа л өдий төдий шүлэг бүтээлтэй үлдсэн байлгүй. Таны ээж шүлэг, сонины хайчилбарыг тань бас их хямгаддаг байсан гэл үү?

-Нэг удаа Хөх хот орчихоод ирэхэд морин хуурч Цогбадрах намайг тосож авлаа. Тэгсэн “Болор цом”-д Бавуудорж шалгараад үлдчихлээ гэнгүүт нь хөөрөөд Нисэх рүү яаран гарахдаа ширээн доор байсан цүнхээ мартсан байж билээ. Хааяа бодох нь ээ, тэнд айхтар сайн шүлэг байгаагүй ч юм болов уу гэж өөрийгөө зөвтгөдөг юм. Ямар ч байсан шүлгийн нэг ном гаргана аа.

Аав минь монгол хэл, уран зохиолын багш байсан хэрнээ надад тэгж хандаж байгаагүй. Ээж л миний хэдэн шүлгийг тавын дэвтэр дээр хуулж бичиж өгдөг. Ээжээс бас ичнэ ээ. Тэнд чинь хайр дурлалын тухай юмнууд хүртэл байгаа шүү дээ. Сүүлд сэтгүүл зүйн бүтээлүүдээрээ “Сонинтой хуучраагүй сонирхолтой баримтууд” нэртэй хоёр боть ном гаргахад мөн л ээжийн хадгалж байсан хайчилбарууд аминд орсон.

Энд нэг зүйлийг онцлоход, сонины бүтээл гэдэг он цаг өнгөрөх тусам ямар үнэ цэнэтэй бодит баримт болж үлддэг вэ гэдгийг редакцууд олж хараасай. Тэр тусмаа өнөөгийн бид ямар адармаатай, сонирхолтой цаг үед амьдарч байгаа билээ. Энэ бүхний дунд сонинтой хамт хуучирч мартагдаж болохгүй үнэ цэнэтэй зүйлүүд их байдаг учраас томоохон редакцууд бодлогоор тухайн жилийнхээ дуулиан болсон шилдэг нийтлэлүүдийг эмхтгэн ном болгож байгаасай гэж бодогддог юм.

ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛЫГ ЗОРИУД ХӨЛ, ТОЛГОЙГҮЙ БОЛГОЖ БАЙХ ШИГ

-Таныг “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нийгэмд цочроо өгсөн олон чухал нийтлэл, сурвалжилга бичиж, үр дүнг нь үзэж байсан гэдэг. Жишээ нь, эрчим хүчний системийн хувьчлалыг эсэргүүцэж, төр, засгийн шийдвэрт нөлөөлж байсан тухай сонсож байсан. Мэдээж үүнд сэтгүүлч сайн байхаас гадна сонины редакц зангарагтай, хүчирхэг байх шаардлагатай биз?

-Тэгэлгүй яах вэ. “Өнөөдөр” сонины редакц тэр үед үнэхээр хүчирхэг байлаа. Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг ганц сэтгүүлч бус, багийн хамтын ажиллагаа шаарддаг зүйл. Тухайн үеийн нийгэмд болж өрнөсөн олон томоохон үйл явдалд бид редакцаараа хөдөлдөг байв. Би Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Эрэн сурвалжлах албаны дарга нь байсан учраас ингэж хэлж байгаа юм биш. Тухайн үеийн сэтгүүл зүйн түүх манайхныг гэрчилнэ дээ.

Зоригийг хөнөөсөн хэрэг, казино, гадаад паспорттой холбоотой асуудлууд, Солонгос руу хошуурсан их нүүдэл, траншейны хүүхдүүд гээд нийгмийг донсолгосон дуулиан шуугиан их байв. Улсынхаа гал голомт буюу ДЦС-4-ийг хувьчлах гээд сууж байсан улс шүү дээ, манайх. Хэдийд галаа түлэх, эсэхийг нь өөр хүн зааж зааварддаг байх юм бол тэр айлд гэрийн эзэн, эзэгтэй гэж байхын хэрэг юу билээ.

Казахстан эрчим хүчний системээ хувьчлаад, дараа нь буцааж авах гэж ямар их өндөр үнэ төлсөн тухай гашуун туршлага хүртэл байсан учраас эсэргүүцэж бичсэн хэрэг. Хүний наймаа, хар тамхи, авлига, ядуурал, нэг сонгуулийн дараа төрийн алба хуйгаараа өөрчлөгддөг тогтворгүй байдал гээд одоо ч манай сэтгүүлчдэд уйгагүй хөндөх сэдэв их байна.

-Өнөөгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг та ажлаа ямархуу түвшинд хийж байна гэж хардаг вэ?

-Одоогийн сэтгүүлчдийг би муу ажиллаж байна гэж хэлэхгүй. Магадгүй тэд биднээс ч илүү хариуцлага үүрч байгаа биз. Гэхдээ хүмүүс их амархан дөжирч, нийгэмдээ дасан зохицоод эхэлдэг бололтой. Нөгөөтэйгүүр, өнөөгийн сэтгүүлчид нийгмийн муу муухай, бохир заваан ялзрал руу орох боломж улам бүр хаагдмал болоод байх шиг. Энэ нь сэтгүүлчийн ажил ямар ч үнэлэмжгүй байгаатай холбоотой гэж би хардаг.

Хамгийн түрүүнд сэтгүүлчдийн цалинг л нэмэх хэрэгтэй дээ. Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр мэдээлэл ямар ч шүүлтүүргүй цацагдаж буйгаас болоод мэргэжлийн сэтгүүл зүй, сошиал ертөнц хоёрыг жирийн уншигчид ялгаж салгахаа байлаа. Нэр гүйцээх гэж байгаа юм шиг Монголд хэчнээн олон сонин, телевиз байгуулагдаад ч байгаа юм. Дөрөв дэх засаглалыг зориуд хөл, толгойгүй болгож, үнэгүйдүүлээд байна уу гэж ч харддаг.

-Та нарын үед ч сэтгүүлчийн цалин тийм өндөр байгаагүй юм билээ. Тэгэхээр энд нэг юм байна аа даа. Сэтгүүлчийг мэргэжилдээ дуртай хэвээр байхад, үнэнчээр зүтгэхэд хамт олны уур амьсгал, эрхлэгч удирдлагуудын арга ухаан чухал юм биш үү. Тухайлбал, таныг Бал эрхлэгчээс шанаа авахдаа ч авдаг, өндөрт гартал магтуулахдаа ч магтуулдаг байсан хүмүүсийн нэг нь гэдэг. Зах зухаас нь сонирхуулаач?

-Бал эрхлэгч биднийг “Мал бол буудчих юм сан” гэдэг байв. Ажлын хариуцлага алдсан нөхдийг тэгэхээс ч яах билээ. Гэхдээ нөгөө талаас тэр хүн тэгж өөриймсдөг байсан байхгүй юү. Түүнээс биш байнга хүн айлгаж, загнаж явдаг “хадны мангаа” биш шүү дээ. Балд тэгж тоогдоно гэдэг бид хоосонгүйн шинж гэж өөрсдийгөө тооно.

Үүн шиг хувь сэтгүүлчийнхээ ур чадварын хөгжилд анхаардаг, чиглүүлдэг ганц ч болов удирдлага сонины гал тогоонд заавал байх ёстой юм. Эзэн бол хэдэн сэтгүүлчээ цалинтай байлгахын тулд маркетинг менежментээ тэргүүнд тавьж болно. Гэхдээ зөвхөн мөнгөтэй байснаар сонины ажил явдаггүй.

Нэг сонин түүх ярья. “Өнөөдөр” сонин маань байгуулагдаад удаагүй байхад “Дорнодын Засаг дарга Сүхбаатар Буриадад хүлээн авалтад орж байгаад согтож, тавган дээр нүүрээрээ унажээ” гэсэн мэдээ орсон юм. Тэгсэн шүүх дээр манайх буруудаж, таван сая төгрөгийн өрөнд оров оо. Бал эрхлэгч “Бид гарцаагүй буруудлаа. Дорнод яваад үүнийг зохицуулаад ирэх хүн байна уу” гэхээр нь би явъя гэлээ. Би Сүхбаатар гуайг танихгүй ч ЗДТГ, ИТХ-ын дарга, шүүхийн дарга нар нь миний найз учраас зориглосон хэрэг.

Ингээд сониндоо 800 мянган төгрөгийн реклам олж ирэх давхар даалгавартай, гурав хоногийн томилолттой очоод, тэр өдөртөө асуудлыг зохицуулсан даа. Сүхбаатар гуайтай эр улсын ёсоор ганц “юм” задлаад, сайхан ярилцаж суугаад ажлаа бүтээсэн. Нэг сая төгрөгийн реклам бас сониндоо олсон. Даанч гурав биш 13 хоногийн дараа хотод ирэхэд Бал эрхлэгч “Сайн явсан уу, Лутаа” гэснээс өөр юм хэлээгүй.

Тэр хооронд гурван удаа онгоцны буудал руу очсон ч тухай бүрт нь найз нөхөдтэй дарвиад буцдаг. Тэр томилолтоор сайхан нөхдийн буянд зүүн хил дээр байдаг Халхын таван уулыг үзэж, их гоё дуу ч төрсөн. Эрхлэгч, удирдлагууд хүнээ ойлгоно, урамшуулна, юмыг өнгөрөөнө гэдэг ямархан ухаан байдаг нь эндээс харагдана биз.

-Та нийгмийн, он цагийн аясыг дагаж амьдрав уу. Эсвэл өөрийн дотоод мөн чанараа дагаад сөрж амьдарсан уу?

-Хүний үзэл бодол, мөн чанар тийм ч амархан өөрчлөгддөггүй байх аа. Яах вэ, олон хүн “Ингэвэл яах бол. Нээрээ л ийм болж байгаа юм даа” гэж цагийн байдлыг хүлээзнэж харзнадаг. Гэхдээ аливаа юманд тэвчээрийн хязгаар, цаг хугацааны хашлага гэж байдаг. Миний л хувьд одоо яг энэ цаг үетэй эвсэж, уучилж амьдрах бололцоо бараг үгүй болж байна. Ардчилсан хувьсгалаас хойш бид 27-28 жил харж, хүлээлээ шүү дээ.

“Хөлдүү гурван аймаг”-ийн хоёр нь болох Завхан, Говь-Алтайнхныг “гэсгээхийн” тулд Галаарид бид хэд оюун санааны ямар их түүчээ өрнүүлж байлаа. Одоогийн УИХ-ын гишүүн, сайд нарын дундаас биднийг дагаад “Лутаа, ардчилал гэж юу юм бэ. Унших юм байна уу” гээд явж байсан хүн бишгүй. МАХН-аас бүх хүн дайжиж байхад би гишүүн нь болоод “Би яагаад МАХН-д элсэв” гэж бичиж байлаа.

Залуу уран бүтээлчдийн II зөвлөлгөөн, Эвлэлийн онц их хуралд Завханаас 27 хүн ирж оролцоод, үүрээр 04.30 цагт санал хурааж, татан буулгахад хоёрхон хүн сэрүүн байсны нэг нь би. Цаг нь ирэхээр юу ч байсан үгүй болдог. Гэхдээ энэ цаг үе бидний хүссэн өнө мөнхийн цаг уу гэдэг эргэлзээтэй болчихлоо. Ямар ч хүнд эдийн, сэтгэлийн гээд олон янзын шунал их, бага хэмжээгээр байна. Гэхдээ тэр шуналд нь хүртэл хэмжээ хязгаар байх ёстойг ойлгож эхэлж байгаа хандлага нийгмээс мэдрэгдэх боллоо. Тиймээс удахгүй цаг зөв эргэх байх гэж итгэж байгаа.

-АТОЗ буюу Ард түмний онц зөвлөл байгууллагын хуралд сууж байгаа харагддаг. Ийм учиртай байх нь ээ?

-Шинэ сэргэг юм энэ нийгэмд хэрэгтэй байна. Одоо чинь аль нэг улс төрийн намын харьяалалгүй, бохир санхүүжилтгүй, зөнгөөрөө шударга үнэний төлөө дуугардаг байгууллага ховор болж. Тиймээс би АТОЗ байгууллагын анхны жагсаалаас нь эхлээд очиж, далайд дусал нэмэр болохоор үйл ажиллагааг нь дэмжихийг хичээдэг. Миний таньж мэддэг, санаа оноо нийлдэг хүмүүс ч тэнд бий.

Ямар нэг юм хийлээ гээд түүнийхээ үр дүнг албан тушаал юм уу, эд хөрөнгөөр үнэлдэг ашиг сонирхолтой хүмүүсээс би аль болох хол байхыг хүсдэг. Жишээ нь, “Ардчиллын 13” гээд их ярих юм. Хэн нь ардчилал хийсэн бэ гэдгийг ярих амьд сэрүүн хүмүүс нь байхад яагаад хэдхэн хүн өмчлөөд байгаа юм бэ. Заавал хэн нэгэнд хамаатуулж өмчлүүлэх ёстой гэвэл Ховдын тэр хэдэн залуу л биз дээ. Цэнддоогийн “Малыг малчдад” нийтлэл “Хөдөлмөр” сонинд гарахад би эзнээс нь эхийг нь гуйж авч яваад, “Туяа” сониндоо хулгайгаар хэвлэж л явлаа.

Тухайн үед “Туяа” сонин Завхандаа 10 300 хувь хэвлэгддэг байв. Тэр дугаарыг аймгийн намын хорооныхон хурааж, уурын зууханд гурван удаа шатааж байлаа. Тэр үед бидний нөхөд дундаас “Намайг аймгийн Боловсролын хэлтсийн дарга бол гэлээ. Би больё” гээд явсан хүн ч бий. Олон түмний хүсэл, хэрэгцээг далимдуулан өөрсдийн эрх ашгаа бодоод байдаг хүмүүс шиг тийм зүйл би хэзээ ч хийхгүй.

-Та ер нь хийнэ гэснээ хийдэг, дур зоргоороо нэгэн юм биш үү?

-Тийм шүү. Харамсахгүй ганц зүйл минь энэ. Би яг өөрийнхөө бодсоноор л явж байгаа. Тэнгэрийн долоон бурхан шиг долоон хүүхэдтэй айлын том нь би. Тэгсэн хэрнээ тэднээс хамгийн асуудал дагуулдаг нь бас л би. Гэвч миний ээж надад хир халдаахгүй, намайг л хамгийн их эрхлүүлнэ. Завхан гэнэт явахаар шийдсэн, эргээд Улаанбаатар руу мөн л өөрийнхөө хүслээр ирсэн.

Завханд байхдаа хүүхэд минь төрөөд нэг сартай байхад Нямсүрэн ахтай уулзана гэж Дорнод яваад, гурван сарын дараа ирэх жишээтэй. Хүний залуу нас гэдэг ямар дур зоргоороо байдаг юм бэ гэж одоо боддог. Гэхдээ надад хамгийн үнэн үгийг хэлдэг учраас хааяа гэргийнхээ үгэнд орно оо. Тэр нь ч хэзээд зөв байдаг. Би өөрөө хүлээн зөвшөөрөхөд хэцүү үнэнийг гэргий л хэлдэг дээ (инээв).

-Алимаа эгчийг та нэлээд өрсөлдөөн дундаас уйгагүй хөөцөлдөж байж гэргийгээ болгосон гэдэг байх аа?

-Эмэгтэй хүнд мэдээж олон эр дурлаж, өөрийн болгохыг хүсдэг шүү дээ. “Ертөнцийн бүх хүүхэн сайхан, яагаад гэвэл бүгд нөхөрт гардаг” гэж Явуухулан гуайн сайхан шүлэг ч байна. Гэргийнхээ араас би их гүйсээн. Тэгж их “зардал” гаргасныхаа үр дүнг би насан туршдаа амсаж, жаргаж явна.

Алимаа гэдэг бүсгүйтэй гэрлээгүй бол над шиг салан задгай хүн ингэж амьдрахгүйг олон хүн гадарлана даа. Ууж дарвиж яваад, найз нөхөдтэйгөө хамт гэртээ ирж хононо. Өглөө нь гутлаа олохгүй, эхнэрээ дуудаж асууна. Цэмбийтэл тосолчихоор нь өнөөхөө танихгүй байгаа хэрэг.

-Сэтгэлийн хөдөлгөөн, долгисол ихтэй болоод ч тэр үү, уран бүтээлчид сархадтай нэлээд ойр байх гээд байдаг талтай. Архины талаарх таны бодлыг сонсъё?

-Архийг би сайхан идээ гэж боддог. Хүний биеийн эрүүл мэнд болоод зан араншин, дотоод мөн чанарыг хуудуугүй шалгаад өгдөг зүйл. Өвөө, эмээ дээрээ өссөн би таван настайдаа халуун нэрмэл хүртэж л байв. Гагцхүү түүнийг яаж хэрэглэхээс их зүйл шалтгаална.

Бидний үеийнхэнд “Архи ууж чаддаггүй бол сайн уран бүтээлч биш” гэсэн өрөөсгөл ойлголт байсан л даа. Тэгж явлаа гээд бурууджээ гэж би огт боддоггүй. Амьдралын замд орчлонгийн олон сайхан хүнтэй энэ идээгээр дамжуулан ойр дотно нөхөрлөж, зан зангаа авалцаж байлаа. Хүн хэзээ ч муу хүнтэйгээ энэ идээний дээжийг тулгаж уудаггүй шүү дээ.

Ямар сайндаа л Бал эрхлэгч маань “Чи битгий доошоо орж уугаад бай. Архи уумаар байгаа бол миний өрөөнд орж ирээд уу” гэдэг байв. Тэгэхээр би эрхлэгчдээ дандаа л “Мал бол буудчих юм сан” гэж хараалгаж яваагүй байгаа биз.

-Таныг хүнтэй хүн шиг сайхан нөхөрлөдөг гэж олон хүнээс сонсож байсан. Овсгоо сүйхээгээр ашиг хонжоо харах бус, сэтгэлээ дэвсээд угтаж, үдэх найз нөхөдтэй байхыг илүүд үздэг юм уу?

-Ерөөсөө л тэр. Хаа байсан Сүхбаатарын Эрдэнэцагаанаас Завханд очоод “Цагаач” гэж хүртэл дуудуулж явсан хүн удалгүй уран бүтээлийн найз нөхөдтэй болж, сайхан хамт олноороо хүрээлүүлсэн. Бавуудоржийн шүлгийн анхны хоёр түүврийг, Галааридын “Хөдөөгийн хүн”, Ганхуягийн “Бодол бодлын хэлхээ” зэрэг найз нөхдийнхөө анхны номыг манай сонин зардлыг нь даагаад хэвлүүлж өгч байлаа.

Тэр үед дуу хураагч нүдний гэм байлаа, “Туяа” сонины бүх сэтгүүлч дуу хураагчтай байв. Ажлынхаа 20 орчим эмэгтэйг баярлуулъя гээд бүгдэд нь сүүжин ээмэг авч өгөхөд заримынх нь нөхөр хардаад сүйд болж байв (инээв). Бид тэгж амжилттай ажиллаж байсан шүү. Би Завханд 3000 хоньтой, чиргүүлтэй “ЗИЛ-130”, “УАЗ-469”, трактор, хамаргүй машинтай, баруун таван аймгийн дундах хэвлэлийн том үйлдвэртэй, аймгийн депутат гээд тэндээ л алдар хүндийн оргил руу мацаж явлаа.

Гэхдээ сүүлд Улаанбаатар хотод гурвантаа уригдаж байж “Монголын залуучууд” сонины эрхлэгчээр ирэхдээ эхнэртээ ч хэлэлгүй шийдвэр гаргасан хүн. Тэр ч бүү хэл, аймгаас бидэнд өгсөн хоёр өрөө байрыг ч орхиод ирсэн. Сүүлд нь байраа зарах санаатай очоод, найз нөхөдтэйгөө хэд хоног хөгжиж, дарвиж яваад өнгөрсөн (инээв).

Улиастайгаас Улаанбаатарт ирээд хэсэг хөл алдсан. Аав минь ч өөд болоод удаагүй байв. Мундаг хүмүүсийн удирдаж явсан тэр сонинд л жаахан хариуцлагагүй ажиллаж дээ гэж боддог юм. Түүнээс биш эд хөрөнгөнд шунаж явсангүй. Энд тэнд зарагдаж биш, залагдаж явахдаа “Би дарга, эрхлэгч хүн” гэж томорч, олноос онцгойрч явсангүй. Хэнтэй нь ч хүний ёсоор харьцдаг тул аяндаа л олноороо хүрээлүүлдэг байсан даа.

-Сэтгүүл зүйн тогоонд ажиллаж байхад тань сэтгэлээс гарахгүй тусыг танд хэн хүргэж байв?

-Намайг сэтгүүлч болоход хүний сайхан сэтгэлээр аргагүй сайхан тус болсон хэдэн хүн бий. Эхнийх нь, намайг сургуульгүй үлдэхэд сэтгүүлчийн хуваарь өгсөн “Сүхбаатарын зам” сонины Бат-Өлзий гуай. Хоёр дахь нь, МСНЭ-ийн ерөнхийлөгч байсан Т.Баасансүрэн гуай. Миний анги даасан багш надаар дипломыг минь хамгаалуулахгүй гэхэд шалгалтын комисст байсан тэр хүн намайг огт танихгүй хэрнээ их тус хүргэсэн дээ.

Гурав дахь нь, “Монголын залуучууд” сонины эрхлэгч байсан Долгорын Нямаа гуай. 1988 онд намайг тэнд нэг сар дадлага хийхээр ирэхэд тэр хүн намайг их тоож, мартахааргүй тус хүргэж билээ. Лениний тухай “Ульяновын төрсөн өдөр” гэсэн ганц мэдээг минь үнэлээд, өрөөндөө дуудан уулзаж, Эрдэнэцагааных гэдгийг минь дуулаад, маргааш нь нутаг руугаа яваад ирэх 10 хоногийн томилолт өгч байв.

“Монголын залуучууд” сонины томилолтоор нутагтаа онгоцоор буухад аймгийн Эвлэлийн хорооныхон сүр дуулиантай угтаж билээ. Нутгаа, аав, ижийгээ санасан сэтгэлд минь тэр гайхамшигт үйл явдал тодоос тод үлдсэн дээ. Удаах нь, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч А.Чойжилжав гуай. Цэдэнбал гуайн сурвалжлагчаар 22 жил ажилласан тэр хүн Завханд нэг сар болохдоо бидэнд их зүйл үлгэрлэж ойлгуулсан даа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эл двигатели 46.187.21.141
2018 оны 06-р сарын 28
http://ip23xr.ru/ электродвигатель IP23 ****
dating 134.249.141.24
2018 оны 04-р сарын 20
dating **** **** online **** **** here [url="http://parfumel.info/"] dating [/url] **** site http://laminav.info/
coemedso 134.249.141.24
2018 оны 04-р сарын 14
[url=http://viagraknrx.com/]viagra online[/url] what is a viagra http://viagraknrx.com viagra brand name buy generic viagra ****
Удочка фишер гоман 188.166.100.220 RUSSIAN FEDERATION
RUSSIAN FEDERATION
2018 оны 03-р сарын 19
**** [url=http://22.best-nba.tk]Где купить удочку[/url]
Гель для мужчин для увеличения 188.166.100.220 RUSSIAN FEDERATION
RUSSIAN FEDERATION
2018 оны 03-р сарын 16
**** [url=http://48.get-x.tk]Гель увеличить член[/url]
Гель для мышц и суставов 188.166.100.220 RUSSIAN FEDERATION
RUSSIAN FEDERATION
2018 оны 03-р сарын 15
**** [url=http://24.get-x-8.tk]Хаш гель бальзам для суставов[/url]