УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга Г.Ганболд нарт хилийн хориг тавьж, шалгаж байна

604
2018 оны 03-р сарын 05

ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарын өрөөг битүүмжилж, хяналт шалгалт хийжээ. Эдгээр хүмүүсийг хэрэглээнээс гарсан хуучин вагоныг оруулж ирэхдээ их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн байна. Тус шалгалтын үеэр “ТМХС Монгол” ХХК-ын санхүүгийн тайлан, хамтран ажиллах гэрээ болон холбогдох бичиг баримтуудыг хураан авчээ. Мөн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд, “Трансмаш холдинг” компанийн охин компани болох “ТМХС Монгол” ХХК-ийн захирал нар хилийн хориг тавьсан байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн зэргээр мэдээлэл гарч байсан.УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна.

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий. ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн шалгалтын үеэр УБТЗ-д нийлүүлж байгаа вагон, тоног төхөөрөмж зэргийн үнийн тариф, УБТЗ-аас шилжүүлсэн мөнгө хэний данс руу орсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор холбогдох бичиг баримтыг хураан авсан байна. ОХУ-тай хамтран ажиллах нэрийн дор их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.