Р.Дагва: Улаанбаатар хотыг хөгжлийн шинэ шатанд хүргэх чөлөөт бүсийг байгуулна

292
2018 оны 03-р сарын 06
НИТХ-ын “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.ДагваУлаанбаатарт  эдийн засгийн Чөлөөт бүс байгуулах санал санаачлага гарган төслөө боловсруулаад  дуусчээ. Чамгүй урт хугацаанд судалгаа хийн боловсруулсан төсөл  цаасан дээрээс шинэ хот болон босох хамгийн өндөр боломжтой гэж үзэж байна. Ийнхүү Улаанбаатарын хүрээг тэлэх,  хөгжлийн шинэ шатанд хүргэх Чөлөөт бүсийн талаар Р.Дагватай ярилцлаа.

 
-Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах, иргэдэд аз жаргалыг мэдрүүлэх өөрийн  санаачлагыг ажил хэрэг болгохоор явж байна. Эндээс яриагаа эхэлье?

-Бид  2016 оны сонгуулиар нийслэлээ “Аз жаргалтай Улаанбаатар” болгоно гээд зөндөө юм ярьчихсан. Нийслэлийн Засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөр аз жаргалтай хотын төлөө юм. Яавал  аз жаргалтай болгох вэ?  гэдэг ойлголт гарч ирж байна. Хот аз жаргалтай биш иргэд нь аз жаргалтай байх нь гол нь. Хүн хэзээ аз жаргалтай болдог гээч...

-Хэзээ? Ямар үед таны бодлоор...

-Аз жаргалын тухай ярихаар  гэр хороололд орон сууц барьж, зам тавиад, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай болгоё. Орон сууцны хороололд ногоон байгууламжтай болгоё, амьдрах орчинг нь сайжруулахаар хүмүүс аз жаргалтай болно гэдэг. Нөгөө хэсэг нь хүн стрессгүй болчихвол аз жаргалтай болно гэж ярьдаг. Болноо болно. Гэхдээ хүн ямар үед аз жаргалтай болдог гэхээр тогтсон ажлын байртай, тогтмол орлоготой. Гэр бүлийнхээ хэрэглээг хангаж чадах болчихвол аз жаргалтай болдог байна. Халаасандаа мөнгөтэй хүнээс аз жаргалын гормон аяндаа ялгараад ирнэ. Эндээс боломжийн цалинтай ажлын байрыг яаж олноор нь бий болгох вэ гэдгийг шийдэх хэрэгтэй болж байгаа юм . Энэ тухай ярьдаг ч үр дүнд хүрсэн ажил алга. Монгол Улсын хөгжлийн төлөөх, Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх  гээд маш олон хөгжлийн бодлогын баримт бичгүүд боть ботиороо бий. Эдгээр нь хэзээ ч хөрсөн дээрээ бууддаггүй, хэрэгжүүлэхийн тулд санхүүжилтээ яаж босгохоо ч мэддэггүй. Хүмүүсийг аз жаргалтай болгох боломжийн цалинтай ажлын байрыг хэн бий болгодог вэ гэхээр лав төр биш. Өнөөдөр 200 мянган  албан хаагчтай төр дахиад 200 мянгаар өсгөхгүй. Тэр хүссэн ажлын байрыг  хувийн хэвшлийнхэн л бий болгоно. Хүмүүст аз жаргалын гормон ялгаруулах ажлын байрыг бий болгох нөхцлийг нь бүрдүүлэх нь чухал. Хил гааль гээд бүхий л татварын  хөнгөлөлттэй нөхцөлтэй, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг урин дуудсан эдийн засгийн таатай тусгай бүс байгуулах цаг болсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах замаар хотын хөгжлийг шинэ шатанд гаргая гэсэн санаачлагыг гаргаад өнөөдөр нийслэлийн ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгээд  сууж байна.  Бид хэдий болтол улс нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа жоохоон хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлуудыг шийдэж чадалгүй гал унтраах зарчмаар явах юм. Өнөөдөр иргэд, залуус  алба амины ажлаар гадаад дотоод явж улс орнуудын хөгжил, иргэдийнх нь ахуй амьдрал, амьдралын өртөгийг харж харьцуулдаг л байж таараа. Сэтгэлд нь гуниг төрдөг л байж таараа. Тэрийгээ ил гаргаад хашхирдаггүй л байхгүй юу.



-Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдсанаар дээр яриад байгаа тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадах уу?

-Иргэдийнхээ сэтгэлд төрсөн гунигийг үргээх, Улаанбаатар хотыг хөгжлийг шинэ шатанд гаргах замаар  тулгамдсан гэх бүх асуудлуудыг хамтад шийдвэрлэх  хөгжлийн том стратеги хэрэгтэй байна. Хүн бүр, айл өрх бүрт амьдрах ухаан байдагтай адил Улаанбаатар хотын хөгжлийн зам нь миний бодлоор эдийн засгийн чөлөөт бүс байгуулах. Дэлхийн улс орнуудад бүс нутгаа хөгжүүлэх, суурьшил муутай, хөгжил буурай хотуудыг шинэ төвшинд гаргахын тулд хэрэглэдэг нэг арга энэ.  

-Чөлөөт бүс гэхээр  өнөөдөр байгуулагдсан чөлөөт бүсийн царайг олон жил харсан хүмүүст таатай, ирээдүйтэй санагдахгүй байх. Хүмүүсийн ийм гутарнги сэтгэлийг өөрчлөх  боломж байна уу?

-Дэлхийн нийт хил дамнасан чөлөөт бүс гэдэг зүйлээс аль хэдийн татгалзаад эхэлсэн. Манай улс 1995 онд  УИХ-ын 87 дугаар тогтоолоор Чөлөөт бүсийн үзэл баримтлалыг баталсан байдаг. Тухайн үед манай ахмадууд  алсыг харсан байгаа юм. Үзэл баримтлалын томоохон баримт бичигт Монгол Улсын нийслэлд   чөлөөт бүс байгуулж болно гэдгийг оруулж өгсөн байгаа юм. 2002 онд Чөлөөт бүсийн анхны хууль батлагдаж 2003 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуурт чөлөөт бүс байгуулсан байдаг. Харамсалтай нь 15 жил өнгөрөхөд хоосон  хашаа  үхмэл хөрөнгө бий болжээ. Яагаад ийм байгаа шалтгаант нөхцөлийг ярих хэрэгтэй болж байна. Судалгааны явцад улс төрийн төрийн тогтворгүй байдал, төрийн захиргааны байгууллагуудын үлбэгэр шийдэмгий бус байдал, зах зээлээсээ хол байгаа, дэд бүтцийн хангамжгүй, улсын эдийн засгаас хараат байгаа нь шууд  нөлөөлсөн. 2002 онд батлагдаж, 2015 онд шинэчлэн найруулаад баталсан Чөлөөт бүсийн тухай хуульд чөлөөт бүсийг амьдруулдаг угтвар нөхцөлийг зааж өгсөн байна. Улаанбаатарт энэ хуульд заасан бүх угтвар нөхцөлүүд бүрдсэн байгаа. Монгол Улсын эдийн засгийн 70 орчим хувь төвлөрсөн, усан хангамж, бүх төрлийн тээвэр ложистик  байгаа бол хуульд заагаагүй угтвар нөхцөл хүртэл бүрдсэн байна. Хөрөнгө оруулагчид чадварлаг, мэдлэгтэй боловсон хүчнийг  хүснэ. Тэгвэл Улаанбаатар хотын  хөдөлмөрийн насны 80 орчим хувь нь бакалаврын боловсролтой байна гээд энэ  мэтчилэн дурдвал их зүйл байна. Тодруулбал, эдийн засгийг хүнээр төсөөлбөл амьд байлгадаг 2-3 артерийн судас байдаг. Үүнтэй адил чөлөөт бүсийн артерийн судас  болсон төмөр зам, авто зам, агаарын тээврийн гурван том ложистик Улаабаатарт бүрэн төвлөрсөн байна. Хэдийгээр ирээдүйгээ харвал хангалттай биш ч  энэ цаг үедээ агаарын тээврийн ложистикийн зангилааг үүсгэх  Хөшигийн хөндийд шинэ буудал барьсан зэрэг эдийн засгийн үр өгөөж харагдаж байна.

 
-Өнөөдөр даацаа дийлэхгүй болчихлоо, төвлөрлийг сааруулахын тулд  нүүлгэх болсон гэж байгаа Улаанбаатарын хаана чөлөөт бүс байгуулах юм?

-Энэ төвлөрөл гэх сул талыг бид давуу тал болгож ашиглах нэг том гарц нь Чөлөөт бүс. Нийт хүн амын 50 орчим хувь тогтмол  оршин суугаа энэ сул талаа давуу тал болгох гарц  бол эдийн засгийн чөлөөт бүс гэж харагдаж байна. Энд би хэдхээн гамшгийн тоо баримт хэлье. Өнөөдөр Монгол Улсын нийт үйлдвэрлэлийн   хувь хэмжээ 1990 оныхтойгоо  ижил хэмжээнд байна. Монгол Улсын нийт эдийн засгийн 65 хувийг Улаанбаатар хотод үйлдвэрлэж байна. Энэ 65 хувийг 100 хувь гэж үзэхэд 70 хувь нь зөвхөн үйлчилгээний салбар. Үлдсэн хувь нь барилга, үйлдвэрлэлийн нэмүү өртөг ингэсэн бусад  салбар байх жишээний. Аялал жуулчлал хөгжүүлье л гээд байдаг. Гэтэл юу үзүүлэх юм. Наад зах нь гэхэд  улсын хэмжээний  музейн үзмэрүүдийн 80 хувь нь агуулахад хадгалагдаж байна. Эндээс харахад бид огт баялаг бүтээгч биш хэрэглэгч, ченжийн маягаар ажиллаж амьдарч байна. Хөгжлийн тухай зүгээр л яриад байгаа нь гунигтай.

                                                          

-Чөлөөт бүс байгуулснаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг зэрэг шийдвэрлэж хөгжүүлэх боломжууд байна уу?

-Чөлөөт бүс байгуулснаар ямар ямар салбараар, кластераар хөгжиж болох вэ гэвэл парлельны хөгжих хоёр кластер байж болно гэж харж байна. Нэг нь интертайнмент. Монгол Улсын мөнгө олж болох нэг том салбар нь аялал жуулчлал. Энэ салбарыг чөлөөт бүстэйгээ уяж  хэрхэн мөнгө олж болох вэ гэдгээ  маш сайн бодох хэрэгтэй. Нөгөө талд нь санхүүгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Монголд  оюун ухаан, сэтгэлгээгээрээ дэлхийд үнэлэгдсэн залуучууд байна. Мөн манайд IT технологийн салбарыг хөгжүүлэх нөхцөл боломжууд бүрдсэн байна. Тэгэхээр Монгол Улс, Улаанбаатар хот бизнес санхүүгийн төв болох боломжтой. Бас нэг салбар нь үйлдвэрлэл инноваци. Нэмүү өртөг шингэсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоодын хэрэглээгээ хангаад цаашлаад экспортод гаргах. Монгол улсын брэндийг дэлхий нийтэд гаргах гол гарц нь бүхий төрлийн татварын хөнгөлөлт бүхий эдийн засгийн чөлөөт бүс байх болно. Манай улс хөдөө аж ахуй мал аж ахуйгаа түшиглэн бүхий л түүхий эдээ дахин боловсруулах замаар нэмүү өртөг шингээж экспортод гаргах үйлдвэрүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Дээр нь өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. Эдгээр салбар нь нөгөө аз жаргалын гормоныг ялгаруулах ажлын байруудыг олноор бий болгоно.  Миний энэ ярьж байгаа  бүх санаанууд Засгийн газар, нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаад тунхаглаад зорилт болоод зарлагдсан байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр юу хийсэн бэ гэдгийг наад захын хүнээс асуувал хэлэх зүйл байхгүй байх.
 
-Чөлөөт бүс байгуулахад олон улсын туршлага хамгаас чухал. Цаг хугацааг товчлохын тулд хамгийн оновчтой туршлагыг богино хугацаанд нутагшуулах байдаг?

-Чөлөөт бүс байгуулах стратегийг боловсруулахын тулд дэхий нийтийн чиг хандлага, туршлагыг судалсан. Өнөөдрийн байдлаар 130 гаруй оронд нийт 3500 гаруй чөлөөт бүс байгуулагджээ. Чөлөөт бүсэд эргэлдэх хөрөнгийн хэмжээ хоёроос гурван зуун тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Улс орнууд хил дамнасан чөлөөт бүсээс татгалзаад эхэлсэн байна гэдгийг би дээр хэлсэн. Жишээ нь хамгийн сүүлд хятад 11 чөлөөт бүс  шинээр байгуулсны 8-ыг нь эх газрын гүнд, 3-ыг нь далайн эргийн боомт хотод байгуулсан байна. Энэ нь бүс нутгаа хөгжлийн шинэ шатанд гаргах, нутгийн иргэдийн амьдрал ахуйг сайжруулах гэсэн зорилготой байгаа юм. Тэгэхээр миний харж байгаагаар Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах хамгийн чухал зүйл. Ингэснээр Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гарах эрхэм зорилго биелнэ. Энэ асуудал  ганц миний, хотын даргын, удирдлагын багийн  амбиц биш. Нийслэлийн хүн амын бүх нийтийн үйл хэрэг байх ёстой. Энэ санаачлагыг төсөл болгоод хэрэгжүүлэхэд хүн бүрийн сэтгэл зүтгэл, оролцоо хэрэгтэй. Хотоо дагуулан байгуулсан чөлөөт бүсийн хамгийн сайн, ойрын жишээ гэвэл БНСУ-ын нийслэл Сөүл хотын дэргэд байгуулагдсан  Инчон,  өнөөдөр хот болжээ. 2003 онд манай улс хилийн бүсдээ гурван чөлөөт бүс байгуулж байхад зэрэгцээд тууз хайчилж байсан Инчон  15 жилийн дараа эдийн засгийн өндөр төвшинд хүрсэн хот болсон байна. Гэтэл манай байгуулсан чөлөөт бүс хоосон хашаа, дампуу байдал үргэлжилж байна.  Хамгийн гол нь чөлөөт бүс байгуулахад амин чухал хэрэгцээ болсон угтвар нөхцөлүүд бүрдсэн Улаанбаатар хотод чөлөөт бүсээ байгуулаад бусдын адил хөгжлийн шинэ шатандаа гарах боломж бидэнд байна.

 
-Чөлөөт бүс байгуулах бүхий л боломж бүрджээ. Гэхдээ хаана байгуулах юм.  Нийслэлийн ойролцоох газар бүгд эзэнтэй, хашаа  хатгаатай болсон. Энэ бүгдийг судалсан уу. Таны яриагаар  чөлөөт бүс нисэх онгоцны буудал, төмөр замаа дагах бололтой?

-Чөлөөт бүс байгуулах газраа сонгохын тулд өнгөрсөн намар нийслэлийн ойролцоох газрыг шинжиж судалж үзлээ, агаараас зураг авч ажигласан. Шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот байгуулагдах учраас авто зам, төмөр зам, нисэх буудал, усан хангамж, эрчим хүч гээд бүхий л талаас нь судлаад ямар нэг улс төр, хувийн амбицгүйгээр нийслэлийн нийтийн эрх ашгийг харгалзаж газраа сонгоод байна. Айдсын даваанаас нааш Буянт ухаа орчим, цаашлаад  Өлзийт хороолол, Шувуун фабрик, Эмээлт орчмыг хамруулах  нь хамгийн зөв шийдэл юм байна гэж харсан. Буянт Ухаа орчимд 3300 га-д аялал жуулчлал бизнес санхүүгийн бүс, Эмээлт, Өлзийт хороо, Шувуун фабрик  орчимд үйлдвэрлэл инновацийн бүс болгож хөдөө аж ахуй, өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулж болох юм байна. Мөн хотын зүүн талд буюу Налайхад үйлдвэрлэл технологийн хоёр дахь парк байгуулагдана. Энд ганга, шил, барилгын материалын үйлдвэрүүдийг төвлөрүүлнэ. Хөшигийн хөндийд байгуулагдсан онгоцны шинэ буудлыг түшиглэн тээвэр ложистикийн зангилаа бүс байгуулагдсанаар төмөр зам, авто зам, агаарын тээврийн бүхий л ложистик төвлөрөх юм. Дундаа Богд хаан уул гэсэн үндэсний том цэцэрлэгт хүрээлэнтэйгээр Улаанбаатар хот тойроод хөгжсөн байдлыг төсөөлөн хөгжлийн стратегийг боловсруулаад байна.

-Төв аймгийн Зуунмод хот нийслэлийн шинэ суурьшлын бүсэд багтах гээд байдаг. Үүнийг хэрхэн шийдэх юм бэ?

-Судалгааны явцад Зуунмод хотын удирдлагуудтай  ярилцаж санал солилцсон. Тэдний хувьд Хөшигийн хөндий Аеросити гэж нэрлээд байгаа шинэ суурьшлын бүсээ манай Зуунмод хотоос урд хэсэгт барьж байгуулбал Зуунмодын хөгжлийг шинэ шатанд хүргэнэ гэсэн саналаа хэлсэн. Тээвэр ложистикийн төв, үйлдвэрлэл инноацийн бүс, аялал жуулчлалын бүсийг дагаад бий болох шинэ суурьшлын хөгжлийн шинэ жишиг  бий болохын зэрэгцээ Улаанбаатар, Зуунмод хотууд жигд хөгжих боломж бүрдэнэ.

 
-Хөгжлийн шинэ шатанд гарах эдийн засгийн Чөлөөт бүс байгуулагдана гэдэг сайхан. Хамгийн гол нь олон улсын гарц, хил хязгаарыг хэрхэн төсөөлөв. Шинэ чөлөөт бүсэд олон улсын эдийн засгийн ямар ямар боломжууд байна?

-Улаанбаатар хотын нислэгийн цэгээс  1500 км-ын радиус буюу 2 цагийн нислэгийн бүсэд 304 сая хүн ам байна. Энэ нь чөлөөт бүсийн бодит зах зээл гэж харж байна. 4 цагийн нислэгийн радиус буюу 3000 км-т 1,7 тэрбум хүн байна. Энэ 1,7 тэрбум хүн оршин суугаа бүсэд ДНБ-ний хэмжээ 10.000 ам.долларт хүрсэн байна. Хятад, Солонгос, Япон зэрэг хөгжлөөрөө дэлхий тэргүүлэгч  улс орнууд манай эдийн засгийн бүсэд хамрагдаж байна. 4 цагийн нислэг аялал жуулчлалын зорилгоор явж байгаа хүнд үл ажрах хугацаа. Бизнесийн салбарынханд хамгийн боломжит хугацаа. Гадаад зах зээл, боломжуудыг судлахын зэрэгцээ дотоодын бизнес эрхлэгчид, мэргэжлийн  холбоо, хоршоо, нийгэмлэг  гээд маш олон хувь хүн, байгууллагынхантай уулзаж  санал солилцлоо. Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргахад Чөлөөт бүс байгуулах нь хамгийн зөв гарц юм байна. Үүнд ямар нэг улс төрийн болон хувийн амбиц  байж болохгүй. Хүн бүрийн хүсэл зүтгэл, эрмэлзэл байх ёстой гэдэг дээр санал нэгдэж байна.

                                                             

-Чөлөөт бүс байгуулагдахаар олон үйлдвэрлэл, инноваци, ложистикийн төв, санхүүгийн байгууллага, шинэ суурьшлын  бүс байгуулагдах юм байна. Мөн аялал жуулчлалын бүс бий болох юм байна. Энд нэг зүйл дурдагдсангүй.  Чөлөөт бүсэд зайлшгүй байдаг нэг зүйл нь казино?

-Чөлөөт бус байгуулна гэхээр хүмүүс бооцоот тоглоомын газар, казино байгуулах уу гэдгийг асууна. Байх ёстой нэг зүйл нь казино. Аялал жуулчлалын хөгжүүлэх гол хөшүүргийн нэг нь энэ. Улс орны эдийн засагт хамгийн өндөр татвар төлөх, мөнгө төвлөрүүлдэг салбар нь казино. БНСУ-д 28 казинотой. Аль ч казинод нь солонгос хүн ордоггүй. Үүнтэй адил Улаанбаатар хотын чөлөөт бүсэд хоёр казино байгуулагдлаа гэхэд нэг ч монгол хүн орохгүй. Сингапурын Marina Bay Sands цогцолборын  казино байна. Жилийн орлого нь 12.3 тэрбум ам.доллар, татварын өмнөх ашиг нь 4.5 тэрбум ам.доллар гэхээр энэ хоёрын зөрүү болох 7.8 тэрбум ам.долларыг жилийн үйл ажиллагааны зардалд зарцуулдаг. Чөлөөт бүсдээ казино байгуулаад тэр дайны хөгжүүлбэл ус, цахилгаан, дулаанаа өгнө. Хүмүүсийг боломжийн цалинтай ажлын байраар хангуулна. Энэ нь Монголын эдийн засагт шууд шингэх татвараас илүү үр өгөөж. Дээр нь татварын өмнөх ашиг нь 4.5 тэрбум ам.доллар гэхээр 40 орчим хувийн эдийн засгийн өгөөжтэй гэж бодохоор 4.5 –аа 100 хувь гэж бодвол 40 хувь нь 1.6 орчим тэрбум ам.долларын ашигтай ажилладаг байх нь, цээж наймаагаар бодвол. Тэгэхээр үлдэж байгаа 2.5 тэрбум ам.доллар нь Засгийн газартаа тушаадаг шууд татвар. Тэгэхээр казино нь айж эмээгээд байх зүйл биш аялал жуулчлалыг татдаг хөгжүүлдэг хувилбар. Үүнд хөрөнгөө оруулах гэсэн хөрөнгө оруулагч нар бэлэн байж байдаг юм байна. Энэ мэтчилэн ярих зүйл их байна. Хамгийн гол нь Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах нь ганцхан хотын асуудал биш. Засгийн газар, УИХ хамгийн их үүрэгтэй оролцох ёстой. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэж байгаа гэдгээрээ Улаанбаатар хотын  захиргаа гол зохион байгуулагч, холбогч  байх ёстой. Энэ сарын 12-ны өдөр нийслэлийн ээлжит бус чуулган зарлагдаад Чөлөөт бүсийн стратеги төлөвлөгөөтэй танилцахаар  тов гараад байна. Өнөөдөр батлагдсан  томоохон баримт бичгүүдтэйгээ уялдуулаад  Улаанбаатарт хотын Чөлөөт бүсийг төсөл болгоод ажил хэрэг болгоод олон улсын жишгээр хөгжүүлэх нь чухал. 10-15 жилийн дараа хөгжлийн шинэ шатандаа хүрсэн эдийн засгийн чөлөөт бүстэй болбол аз жаргалтай хотын иргэд бий болно. Ингэхийн тулд нэн даруй хууль эрх зүйн орчныг намрын чуулганаар багтаагаад бүрдүүлэх хэрэгтэй байна. Хууль эрх зүйн орчин, нөхцөл боломжийг бүрдүүлсний дараа Улаанбаатар хот чөлөөт бүстэй боллоо. Хөрөнгө оруулагчдын урьж байна гэдгээ дэлхий  дахинд зарлана гэдгээ маш зөв тооцож том сэтгэж том менежмент хийх хэрэгтэй байна. 

Г.Наран 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ