Оросын 23 дипломатчийг Британийн нутаг дэвсгэрээс хөөх шийдвэр гаргалаа

255
2018 оны 03-р сарын 15

Британий нутаг дэвсгэрт химийн бодис хэрэглэн тагнуулын экс ажилтан Сергей Скрипалын амийг хороохыг завдсан хэргийн улмаас тус улсад ажилладаг Оросын 23 дипломатчийг хөөх шийдвэр гаргаснаа ерөнхий сайд Тереза Мэй зарлалаа.

Тэдгээр дипломат ажилтнуудыг Оросын тагнуулууд гэж үзсэн байна. Мөн Британид аюул занал учруулсанд сэжиглэгдэж байгаа Оросын иргэдийн хөрөнгийг царцаахаар болжээ. Үүнээс гадна энэ онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д Британий хатан хааны гэр бүлийн гишүүд оролцохгүй болсныг мэдэгдсэн байна.

Британийн Засгийн газрын шийдвэрийн хариуд ОХУ-ын Лондон дахь элчин сайд Александр Яковенко эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэр Sky News сувагт ярихдаа Британий талын шийдвэрийг “хүлээж авах боломжгүй”, “ноцтой өдөөн хатгалга” гэж хатуу шүүмжилсэн байна.

Тэр мөн ОХУ-ын талаас хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Зөвлөлтийн үед анх бүтээгдсэн дайны зориулалттай химийн бодис Новичокийг аллагад ашигласан болохыг Тереза Мэй парламентад танилцуулсан байна. Тэрээр энэхүү аллагад Москвагийн эрх баригчид буруутай гэж үзээд хариу тайлбар хийх 48 цагийн хугацаа өгөөд байсан юм. Өгөгдсөн хугацаа өнөөдөр дуусчээ.

Британий санаачлагаар Лхагва гарагийн орой НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Оросууд бусдын газар нутагт химийн зэвсэг хэрэглэсэн асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Даваа гарагт Оросын өөр нэг цагаач, Путиныг шүүмжлэгч, 69 настай Николай Глушков Лондон хотод алагдсан нь асуудлыг улам хурцатгажээ.

Тереза Мэй химийн зэвсэг ашигласан аллагын талаар өөрийн холбоотнууд болох АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эманнуэл Макрон нартай утсаар ярьж, Оросын эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Тэр бас Европын Холбооны ерөнхийлөгч Дональд Тусктай утсаар ярьж нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Оросын элчингийн 23 ажилтныг Британий нутаг дэвсгэрээс албадан гаргахаар болсон нь тус улсын сүүлийн 30 жилийн түүхэнд гадаадын хамгийн олон дипломатчийг хөөсөн тохиолдол болж байна.

Эх сурвалж: Reuters 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.