Ц.ГАНХУЯГ: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫГ ТАРААХ ШААРДЛАГЫГ ТАВИНА

150
2018 оны 03-р сарын 27

ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай уул уурхайн томоохон бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудыг Монголын болон гадны хуулийн байгууллагууд шалгаж байна. Үүнтэй холбогдуулан Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар дөрвөн нам хамтран тулган шаардах бичиг хүргээд байна. Танай намын зүгээс энэ тэмцэлд яагаад нэгдэх болов?

-Монгол Улс ёс суртахуун, улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий хямралд нэрвэгдсэн, өрийн тааз гэх ойлголт алга болж, нийтээрээ гундуу байна. Бид энэ байдалд дүгнэлт хийсэн. Үндсэн хуульд заасанчлан, Засгийн бүх эрхээ ард түмэн эдэлж чадаж байна уу. Газар түүний хэвлийн баялгаа ард түмэн бодитойгоор өмчилж чадаж байна уу гэсэн асуултууд яах аргагүй урган гарч ирсэн. Сонгуулиар байгуулсан төр нь ард түмнийхээ эрх ашгийн төлөө шийдвэр гаргахгүй, ард түмний өмчийг лиценз нэрээр хар зах дээр арилжиж байгааг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Улс төрийн дөрвөн нам эдгээр асуудалд санал нэгдэж чадсан учраас хуудуутай гэрээгээр байгуулагдсан Оюутолгойн асуудлыг хөндөж тавихаар шийдсэн. Энэ бол манайд хуримтлагдсан олон завхралын зөвхөн нэгэн хэсэг юм. Мөсөн уулаар зүйрлэвэл оройноос нь хайлуулах ажлыг эхлүүлж байна.

-Оюутолгойн гэрээг ашиггүй луйврын гэрээ болсон гэж байна. Ямар үндэслэлээр ингэж дүгнэж байна вэ?

-Энэ талаар хангалттай баримт бий. Албан ёсны дүгнэлтүүд ч гарсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын Ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийт мэднэ. Дубайн гэрээгээр монголчуудын хүртэх ашиг олон арван жилээр хойшилсон. Эрчим хүч, усны асуудал байгаа. Бидний шаардлагын дагуу УИХ дахь Ажлын хэсэг энэ сарын 23-ны өдөр байгуулагдсан байна. Тэд Оюутолгойн гэрээг хэрхэн дүгнэхийг харъя. Тэгээд бид байр сууриа илэрхийлнэ. Оюутолгойн гэрээтэй холбогдуулан УИХ-ыг тараах шаардлагыг ард түмэнтэйгээ хамтран тавина гэдгээ ч мэдэгдсэн.

-С.Баярцогт Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Та түүнийг сонссон байх. Таны дүгнэлт юу байв?

-Гэрээ байгуулсан этгээдүүд өөрсдийн зөв гэж баталж нотлох нь ойлгомжтой. Энэ том төслийн бодит үр өгөөж манай ард түмэнд наалдаж байна уу гэдэг өөр асуудал. Хөрөнгө оруулалтын анхны дүн өнөөдөр хэд дахин өссөн байна. Ашиг хүртэх эсэх нь эргэлзээтэй болсон. Хууль хүчний байгууллагуудын шалгалтын үр дүн, УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт зэргийг гарсны дараа нэг мөр хариулт өгч болох байх.

-Дөрвөн намын зүгээс ямартай ч тулган шаардах бичиг хүргүүлсэн. Та бүхний улс төрийн дараагийн алхам юу вэ?

-УИХ-ыг тараах хүртэл шаардлага тавьсан. Ард түмний төлөөлөл ард түмнийхээ талд байхгүй бол ард түмэн дараагийн төлөөллөө сонгох эрхтэй. Тэр зам руу л явах байх.

-Тулган шаардах бичигт ҮАБЗ-ийн тухайн үеийн хурлын протоколыг ил болгохыг шаардсан байна. Энэ хэр боломжтой вэ. Ер нь аливаа материал нууцын зэрэглэлээс гарна гэж бараг л байдаггүй?

-Ерөнхийлөгч хүсвэл ил гаргаж болно. Улс хоорондын харилцаа холбоотой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууцлах зүйлс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ баялгийн эзэн ард түмний өмчийг нууцаар хэлэлцэн хаалттай хаалганы цаана шийдвэрлэж хэрхэвч болохгүй. Баялгийн эздээс нь асуухгүйгээр өөрсдийн өмч мэт дур мэдэн шийдвэрлэхийг хэнбугай ч зөвшөөрөхгүй биз дээ. Баялгийн эзэд өмчөө мэдэж, захиран зарцуулалгүй, хэсэг бүлэг этгээд улс, төрийн өмч нэрэн дор луйвар, булхай, дээрэм хийж байгааг өнөөдөр зогсоохгүй бол жинхэнэ эзэн болсон ард түмэн ядуурлын ангал руу унаж байна. Асар их баялгийн эзэн мөртлөө цалин тэтгэвэр тэтгэмж нь гол зогоох төдий, өрийн дарамтад орсон ийм ард түмэнтэй улс хэр олон байдаг юм бол. Одоо энэ бусармаг, эрээ цээрээ алдсан байдалд нийтээрээ цэг тавих цаг болсон. Сэтгэл хангалуун, амар тайван, айх аюулгүй амьдрах өргөн боломжоо олж авах цаг ирсэн.

-Үүнээс өмнө “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар манай Засгийн газар Арбитрын шүүх дээр дуудагдсан байгаа. Ш.Батхүү нарыг мөрдөн шалгаж байна. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

– Өмчийг эзэнгүйдүүлэх, баялгийн эздээс нууцаар үйлдсэн бүхэн ямар үр дагавар дагуулж байгаагийн нэг жишээ болов уу. Хариуцлага алдсан хүмүүсээр хохирлыг барагдуулах зарчим барих хэрэгтэй. Дээр би хэлсэн. Одоо ард түмэн өмчиндөө, баялагтаа эзэн сууя гэж.

-Ер нь манай уул уурхайтай холбоотой асуудлууд гадны хууль шүүхийн байгууллага дээр очоод унаж байна. Энэ нь Монголын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа болов уу. Мөн нөгөө талаар манай хууль шүүхийн байгууллага хангалтгүй ажиллаад байна уу гэж харах юм?

-Монголын баялаг харийнхны хэтэвчийг түнтийлгэж, хялбар аргаар хөлжих хүмүүсийн гарт орж. Олгогдсон бүхий л лицензүүдийг эргэн харах, цэгцлэх, баялгийн эздийн хяналтад оруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Улс орноо гэсэн чин сэтгэлтэй хүмүүс гарч ирж удирдах цаг болсон. Төрийн тогтолцооны асуудлыг ч ярилцан шийдвэрлэхгүй бол манай улсад хэнбугай нь хамаагүй дураараа дургин, эрдэнэт монгол хүний үнэ цэнэ шалдаа буусан байна. Ард түмний төр хэрэв байгаа бол монгол хүнээ эрдэнэ лугаа дээдэлсэн бодлого явуулах байсан. Харамсалтай нь хэн илүү өр тавьснаараа уралддаг МАНАН бүлэглэл 28 жил улсыг удирдлаа. Хууль хүчний байгууллага нь тэрхүү МАНАН-д үйлчилдгийн тод жишээ Монголд аливаа хэрэг шийдэгддэггүй, замхарч алга болдог бол шударга шүүхтэй улс орон манай хил дамнасан хулгайг илрүүлж тусалж байна. Бид бодит үнэнийг гадны шүүхээс мэдэж авч байгаа үнэхээр хөөрхийлөлтэй байгааг харуулж байна.

-Одоогийн УИХ ямар ч нэг хүндгүй байна. Тараах асуудлаар зарим иргэний хөдөлгөөнийхөн, иргэд байр сууриа илэрхийлж байдаг. Ер нь УИХ-ын гишүүний ёс зүй манайд алдагдаад байх шиг?

-Манай улсад эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлээд зогсохгүй ёс суртахууны доройтол газар авсан. Монголын сайхан уламжлал арилж байна. Монгол хүний мөс жудаг муудаж, аливааг зоосны нүхээр харах, албан тушаал эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болж. Нэр нь сэвтсэн л бол шууд огцроод төрийн ариун нэр хүндийг хамгаалж байх ёстой улстөрийнхөн сандал сэнтийтэйгээ зууралдаад хөгийн юм болж байна. Эрээ цээрээ алдаж, буруу үлгэр дуурайлыг үзүүлж байна. Монголчуудын нэн эрхэмлэн баримталдаг ёс, уламжлал алдагдаж байгаад сэтгэл зовниж байна.

-Ёс зүйгүй улстөрчдөд хариуцлага тооцох тэднийг эргүүлэн татах талаар ярьдаг ч энэ нь нэг л явцгүй байна?

-Ард түмнээ үл тоон, доог тохуу хийж байгаа мэт харагдаж байна. Уг нь өөрсдөө сайн дураараа буух хэрэгтэй баймаар. Тэд ард түмэнд өөрсдийгөө сонгуулах эрхийг өгөөд татах эрхийг нь хаасан юм. Нэр нь сэвтсэн түшээдээ хамгаалаад байгаа МАНАН-г ойлгож байна. Тэд бусармаг үйлэндээ дасаад бүр дөжирчихсөн байна. Ард түмэн байж гэмээнэ улс, төр байгуулагддаг. Ард түмэнгүй төр гэж байхгүй. Цаашид ард түмэн ялах уу эсвэл МАНАН бүлэглэлд дээрэлхүүлж, тэдний дарангуйллыг өөгшүүлэх үү гэдгээ шийдэх сайн цаг ирж байна. Үнэн, зөв хэзээд ялдаг жамтай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТҮМЭЭ АХ
ЭЕ ЭВЭЭ ОЛОЛЦОХОД САЙН