ТҮМЭЭ АХ

1785
2018 оны 04-р сарын 07

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Загдын ТҮМЭНЖАРГАЛ-ын 65 насны ойд зориулсан "МОНГОЛЫН ТАЛ НУТАГ" хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Дууны шүлгийн мастер, энэ их хүний тухай олон сайхан дурсамжийг сэтгүүлчид бичсэн байдаг. Энэ удаа уншигчиддаа МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийн бичсэн “Түмээ ах” нийтлэлийг хүргэе.


Түмээ ах намайг анх сэтгүүлзүйн гал тогоо руу хөтлөн оруулсан юм. Анхны минь БОЛЖМОР өгүүллэгийг НЯМ ГАРИГ сонинд нийтэлж, тэрнийг нь Түмээ ахын тушаалаар Б.Эрдэнэсолонго (хожим тэр өгүүллэгийн зохиогчтой гэрлэчихнэ чинээ зүүдлээ ч үгүй хүн) ундууцан байж засаж суусан гэдэг. Бас би хожим НЯМ ГАРИГ сонины эрхлэгчээр Түмээ ахын албан тушаалд ажиллаж, Түмээ ахын сэтгэл зүрхээ зориулсан дууны шүлгийн ертөнцөд хүч үзэж явна чинээ тэр үед хэн хэн маань зүүдлээгүй.
Хамгийн анх миний салбайтал эрээчсэн гар нооргийг бүтээл хэмээн тоож, чамгүй том үгээр урамшуулсан зохиолч Бадарчийн Даариймаа багш маань "Заа чи АРДЫН ЭРХ сонинд очоод яруу найрагч Загдын Түмэнжаргалтай уулзаатах. Би чамайг хэлчихсэн. Чиний өгүүллэгийг их тоосон шүү. Тэгээд яах ийхээ тохироорой" гэж хэлээд явуулсан юм. Сурагласаар яваад ортол нэлээд сөөнгө паргиа дуутай, инээд алдсан хүн угтаж аваад "Заа ах нь өгүүллэгүүдийг чинь уншсан. Нэгийг нь радиод өгсөн. Нөгөөхийг нь би НЯМ ГАРИГ сониндоо хэвлүүлнэ. Анхны өгүүллэгүүд гэл үү? Чи худлаа залаагүй биз? Яаж анх удаа бичиж байж ийм өгүүллэг гаргадаг юм, айн?" гэж намайг баахан цаашлуулав. Тэгснээ "Даариймааг хэлсэн болохоор л би уншиж үзлээ. Уншаагүй бол ах нь чамайг хичнээн хөөрхөн царайтай байсан ч тоохгүй" гэж хэлээд намайг сонинд ажиллах хүсэлтэй эсэхийг асуусан юм. Хар багын мөрөөдлийнхөө үзүүрээс атгах нь гэхээс баярласандаа уухайн тас ТИЙМ ЭЭ гэж яаран хариулахад "Эхлээд мэдээ бичиж сур. Тэгэхийн тул чи АРДЫН ЭРХ сонины мэдээний албанд хэсэг гүйгээд үз" гэж хэлээд тийш хөтлөн аваачсан юм.
Тэр өдрөөс хойш би гэдэг хүн сонин хэвлэл, утга зохиолын халуун тогооны хананд наалдсан шинэхэн ногоон замаг болон хувирсан билээ. Тааралдах бүртээ "Ахын дүү гайгүй юу? Заа заа, гайтай ч байсан чи дуртай юм бол тэсээд л гарна биз. Давж туулсан хүн л дээшээ ахина шүү дээ" гэж паржигнуулчихаад явж оддогсон.
Нэг ч удаа "Би чамайг анх хөтөлж оруулсан. Миний л ачаар чи утга зохиолд хөл тавьсан" гэх мэт үг үйлдэл, утга хэлэмж үзүүлж, элдэв ааш гаргаж байгаагүй Түмээ ахыгаа ихэд хүндэлж, хаа ч таарсан үнсүүлж уулзаад, гар даллан салдаг байсансан.
Хамгийн сүүлд Б.Эрдэнэсолонго бид хоёртой ЗУУНЫ МЭДЭЭ сонины гадаа тааралдаад "Ах нь удахгүй тоглолтоо хийнэ. Сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Тэр ажлаараа Парисаас түр ирээд байна. Ахын дүү нар дэмжээрэй. Зар суртчилгаа, бэлтгэл ажил гээд бөөн л овоорсон юм байгаа шүү. Гялс явчихаад хэд хоногоос эргэж ирээд энэ тоглолтынхоо араас хөөцөлдөхгүй бол хэцүүдэх гээд байна" гэж яг одоохон л нисэх гэж байгаа мэт дуржигнуулан өндөлзсөнөө "Алив, Болор чи номоо өг л дөө. Дандаа л нэхүүлж байх юм. Амьтан шуугиад байгаа тэр лут номыг чинь би яагаад чамаас авч болдоггүй юм, айн?" гэж тэвдүүлээд дараа таарахдаа заавал номыг маань авах ам тангараг аваад салсансан. Гэхдээ тэр их ажлаа, оволзсон бөөн төлөвлөгөөгөө ч гүйцээж амжаагүй. Хэзээ ч эхлүүлснээ дуусгалгүй орхидоггүй, санаснаа гүйцэлдүүлэлгүй зам зуураас буцдаггүй, жижиг асуудлаар хэзээ ч том зорилгоо сольдоггүй тэр их эрчим хүч гэнэт л тасарчихсан.
Хувь заяаны ерөөлөөр манай гэр бүлүүд одоо холын их гүрэнд хаяа түшин амьдарцгааж байна. Бид хоёр Парисын гудамжуудаар аялж явахдаа тэр сайхан даргынхаа, ахынхаа, гайхалтай уран бүтээлчийн дурсгалыг хүндэтгэн цэцгийн баглаа өргөдөг юм.
Түмээ ах нэг тийм амьдралд хайртай, гал цогтой, эрчтэй, үргэлж ямар нэгийг сэдэж, буцалсан амьдралыг өрддөг халуун гал нь болж явдаг хүн байсныг маш тод санаж байна. Тэр хүнд хийхээр, бүтээхээр, амжуулахаар төлөвлөсөн, зорьсон маш их ажил байсан юм.
Цуцаж тасрашгүй уран хээнцэр, атаархам мэргэн үгсийн хэлхээг аялгуу дуунд нааж чаддаг тэр ховорхон авьяастанд таалагдаж, халуун дотно үгсийг нь сонсож, дотносож явсан хувьтайдаа талархаж үл барна.
"Манай яруу найрагчдаас бэлэн аялгууг сонсоод сайхан зохисон үг биччихэж чаддаг ганц хүн байсан нь манай Түмэнжаргал. Сонсгол мэдрэмж сайтай, аялгуугаа мундаг мэдэрч, цаана хэлэгдэж байгаа далд үгсийг нь уудалж гаргаж чаддаг ёстой ховор авьяастан байлаа. Бусад нь бол бэлэн шүлэг л өгнө шүү дээ. Сонсгол байхгүй. Харин одоо чи л Түмээ шиг аян дээр сонсголоороо үг бичээд байна. Битгий зогсоорой. Чи л чадна" гэж дуучин МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Л.Балхжав ах хоёр маань хааяахан намайгаа жаахан догионо. Миний хувьд энэ их чухал үг байлаа.
Хэрвээ Түмээ ах одоо байсан бол сардаа нэг манайхаар гүйдэллэж, санасан цангасан бүхнээ хуваалцаж, дуу хуур, шүлэг зохиолын санаагаа солилцож, урамшуулж, цаашлуулж, паргиа дуугаар пар пар инээнгээ холын Парисын гудмаар хоёр гэр бүл юутай хөөрүү алхалж байх байсан бол гэж үргэлж бодогддог юм.
Гэхдээ Түмээ ах эзгүй ч үргэлжлэлүүд нь бий гэж бодохоор сайхан. Бидний дунд дурсах, дуулах зүйл их бий. Түмээ ах биднийг дурсах дурсамжууд, дуулах дуунуудтай үлдээсэн. Тун удахгүй Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт яруу найрагч Загдын Түмэнжаргалын дурсгалыг хүндэтгэсэн тоглолт Улаанбаатар хотод болох сурагтай. Олон олон уран бүтээлч анд нөхөд, хайртай хань, үр хүүхэд, шавь нар нь халуун дурсамжуудаа бичицгээж байгаа. Тэрхүү гэрэлт өдөрт зориулсан сэтгэлийн бяцхан зулыг өөрийн зүгээс ийнхүү өргөж байна.
Таны гялалзсан их авьяас, бууршгүй гал цогийн өмнө гүнээ мэхийе. Таны хайртай хань, хөөрхөн үрсэд гэрэлтсэн их аз жаргалыг хүсэн ерөөе.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТҮМЭЭ АХ
ЭЕ ЭВЭЭ ОЛОЛЦОХОД САЙН