М.Оюунчимэг: Туул голын эрэг дагуу хууль зөрчин барьсан барилга байгууламжуудыг буулгахаас өөр аргагүй

621
2018 оны 04-р сарын 25

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Туул голын сав газар дагуу хууль бусаар барилга байгууламж барьсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай танай байнгын хорооны саналыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Та бүхэн энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?


-Туул голын эрэг дагуу хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг зогсоох Өргөдлийн байнгын хорооны шийдвэр жил гаруйн хугацаанд амжилттай хэрэгжсэнээр хууль бус үйл ажиллагаа зогссон. Хоёрдугаарт, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад барилга барьж буй 28 ААН байгаа.

Энэ байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг манай байнгын хороо Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гаргууллаа. Сайдын тушаал гарч, ААН-үүдэд албан тоотууд хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Өргөдлийн байнгын хорооноос А.Сүхбат гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн.

ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Туул голын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Тэгэхээр УИХ, ЗГ-ын түвшинд нэгдсэн ойлголттойгоор Туул гол хамгаалах чиглэлээр ажиллах болсод талархаж байна.

-Голын эрэг дагуу хууль зөрчиж барьсан барилга байгууламжуудыг буулгана гэсэн үг үү?


-Туул голын эрэг дагуух хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах чиглэлээр ажиллах ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өчигдөр байгуулагдлаа. Хууль зөрчсөн байгууллагуудын барилга байгууламжуудыг буулгахаас өөр аргагүй. ААН-үүд хуулиа дагах хэрэгтэй. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон албан тушаалтнуудад ч хариуцлага тооцох асуудлыг холбогдох газруудад нь тавина.

-Туул голыг тусгай хамгаалалтад авснаар тэнд ямар үйл ажиллагаа явуулах вэ?


-Бид нар Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл аялал, зугаалгын бүс байх, тэр нь тусгай хамгаалалттай байх тухай асуудлыг тавьж байгаа. Тусгай хамгаалалтад авснаар бусад улс орнуудын жишгээр гол дагуу амралт зугаалгын үйлчилгээ үзүүлдэг гэр бүлээрээ амарч, хүүхдээ салхилуулах боломжоор хангасан үндэсний паркийг байгуулах үндсэн санаа байгаа.

Иргэдийн амарч зугаалах таатай орчин бүрдүүлэхийн тулд Туул голын байцаагч, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцсан нэгжийг ажиллуулах зэрэг асуудлыг оруулахаар бэлтгэж байна гэв.

2018.04.25-ны ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ТУУЛ ГОЛЫН ОРЧНЫ БҮСИЙГ

ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХЫГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Засгийн газар төслийг хэлэлцэн дэмжлээ.

Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Туул гол зөвхөн хур борооны усаар тэжээгддэг бөгөөд хүн ам өсч, бүтээн байгуулалт, барилгажилт нэмэгдэх хэрээр гольдрил дагуух байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх нь алдагдаж, цэвэр усны нөөц хомсдох, шавхагдах аюул ойрхон гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ