“Хүйлэн огторгуйн заадас” бестселлерийн жагсаалтыг тэргүүлж байна

151
2018 оны 05-р сарын 08

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” роман нээлтээ хийснээс хойш Интерном, Аз хур зэрэг томоохон номын дэлгүүрүүдийн бестселлерийн жагсаалтад тэргүүлж байна. Монголын сүүлчийн эзэн хаан наймдугаар Богд Жибзундамбын хатан Эх дагина Цэндийн Дондогдуламын тухай энэхүү романаа зохиогч 2011 оноос бичиж эхэлжээ. 2011 онд Эх дагины төрсөн нутаг Хөвчийн жонон бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт Хатдын өргөө нээлтээ хийхэд оролцож явахдаа анх романыг бичихээр шийдэж байжээ. Эх дагины дүр ардчиллаас өмнөх “Өглөө”, “Гарьд магнай” зэрэг кинонд цухасхан гарахдаа сөргөөр дүрслэгдсэн, түүхэнд хошуу ноёны шивэгчин, аягачин байсан мэтээр бичигдсэнээс Дондогдулам хатны талаар хүмүүс төдийлөн сайнаар төсөөлөхгүй явсаар иржээ.

Харин “Хүйлэн огторгуйн заадас” романд өгүүлснээр Дондогдулам гэдэг нь Эх дагины сахилын нэр агаад, эцгээс өгсөн нэр нь Дунгаамаа. Төрсөн нутаг нь одоогийн Хэнтийн Баян-Адарга боловч, одоогийн Өмнөдэлгэр сумын Чандманийн голоор өссөн. Эцэг Юмаагийн Цэнд нь зайсаэн цолтой, бичиг номтой чинээлэг хүн байсан ажээ. 1895-96 оны орчим тухайн үеийн Хөвчийн жонон бэйсийн хошууны засаг ноён мариат бэйс хэмээх Цанлигдорж нь Амарбаясгалантын хийдэд заларсан наймдугаар Богдтой хатныхаа төрлийн Дунгаамаа бүсгүйг танилцуулахаар дагуулж явахдаа шивэгчин нэрээр авч явснаас Эх дагиныг аягачин, шивэгчин байсан гэсэн ойлголт түгснийг романд залруулан, Эх дагины талаархи олон сонирхолтой бодит баримт ашиглан, Дондогдулам хатан нэгдүгээ биеэс хүүрнэсэн болон, зохиогчийн өгүүлэмж гэсэн хоёр шугамаар романы үйл явдал өрнөдөг ажээ. Томоохон номын дэлгүүрүүдийн уран зохиолын номын бестселлерийг зохиолч Ц.Оюунгэрэл, Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа нарын эмэгтэй зохиолчид тэргүүлсээр байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ