Ц.Нямдорж:Дээд шүүх дээр очих боломжгүй болгож, айхтар том хуулийн завхрал санаатайгаар хийсэн.

822
2018 оны 05-р сарын 09

"Цензургүй" яриа нэвтрүүлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцож, Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой олон ноцтой баримт дэлгэсэн. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг С.Зориг агсны хэргийн материалтай танилцсан байх боломжгүй. Хэрвээ танилцсан бол албан тушаалаа урвуулан ашигласан байж таарна хэмээн мэдээлсэн. Тиймээс энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.

-Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нэвтрүүлэгт оролцож, таны эсрэг маш олон зүйл ярилаа. Мөн уг асуудлаар ХЗБХ хаалттай хуралдсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Би нэвтрүүлгийг бүрэн үзсэн. Тэгээд маш их харамссан. Би дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж, 10 жил хэрэг уншсан прокурор хүн. Гэтэл прокурор мэргэжилтэй хүн ийм зүйл ярьсанд харамсч байна. Нэвтрүүлгийн гол зорилго нь С.Зоригийн хэрэгт яллагдаад байгаа хүмүүсийг баримттайгаар шийтгэсэн гэдгийг нотлох гээд байгаа боловч мэргэжлийн хүний нүдээр харахад ганц ч баримт байхгүй байна лээ.

Хүний аминд хүрсэн хэрэгт Б.Содномдаржаагийн гэртээ агсам тавих, Б.Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм бэ.

Ингээд харахаар их л ядуу ярилцлага байна лээ. Хамгийн гол нь С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн талаар ярьж болохгүй, яривал хохь нь шүү гэсэн сануулга өгөөд байх шиг харагдсан.

-УИХ-ын гишүүдээс нэг ч хүн энэ хэргийн материалтай танилцаагүй байгаа гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Болд өгч байна лээ?

-Энэ хэргийг уншсан шүүгч, прокурор, мөрдөгчтэй нь уулзсан УИХ нэг ч гишүүн байхгүй. Тагнуул дээр нуучихсан юм чинь яаж уншдаг юм.

-Энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын хоёр гишүүнд хэрэг үүсгэсэн гээд байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тэгэж яриад байгаа. Гэхдээ ямар хэрэг хэн дээр үүсгэснийг би мэдэхгүй байна. Ярианаас нь ойлгоход 2017 оны долдугаар сарын 7-нд Чимгээ гэрийнхэнтэйгээ уулзсан. Уулзалтын дараа Чимгээ мэдүүлэг өгөхөө байсан гэж ярьсан учраас ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж ойлгосон.

Монгол Улсын Үндсэн хуулиар эцэг эхний хүүхдийнхээ үйлдсэн хэргийн төлөө, үр хүүхэд нь эцэг эхийнхээ хийсэн хэргийн төлөө ял хүлээдэггүй. Одоо байтлаа үр хүүхдийнхээ төлөө явсан ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэж хойноос нь мөрддөг болж байгаа юм байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэгт, гэм буруугүй нэг ч хүнд ял шийтгэж болохгүй гэж зарчим бий. Хоёрт, мэтгэлцэх зарчим, гуравт, гэм бурууг ийн тухайд яллагдагчийн хувьд эргэлзээ байвал энэ асуудлыг яллагдагчийн хувьд ашигтайгаар шийднэ гэсэн алтан зарчим бий. Би хоёр дахь буюу мэтгэлцэх зарчмын талаар яриад байгаа юм.

-ХЗБХ-ны хурлаас нэвтрүүлгээр зөвхөн яллах талын танилцуулга явагдсан. Тиймээс УИХ-ын ажлын хэсэг өмгөөлөгчдийг нь ил тод сонсох шийдвэр гаргасан гэсэн үү?

-Прокурорууд ил цагаан ярьж болж байгаа юм чинь өмгөөлөгчийг нь яриул гэсэн асуудлыг тавьж байгаа. Нэг талд нь прокурорууд сууж яллаад, нөгөө талд нь өмгөөлөгч баримтаа барьж байгаад хамгаалдаг. Энэ дундаас шүүх үнэнийг олж тогтоон шийдвэрээ гаргадаг. Гэтэл энэ хэрэгт өмгөөлөгч огт байхгүй. Мөрдөгч, прокурорууд өөрөө хэлбэл, төр ил далд бүх механизмаараа шийтгүүлсэн хүмүүс, ар гэрийнхэн, өмгөөлөгчийнх нь хойноос хөөцөлдөж байгаа. Тэгэхээр мэтгэлцэх алтан зарчим байхгүй болж байгаа юм. Хуулийн систем нурж байна.

-Тэгэхээр өмгөөлөгчдийн мэдээллийг хэзээ сонсох вэ?

-Энэ хэргийн нотлох баримтууд нууцаас гарсны дараа өмгөөлөгчид нь надад өргөдөл ирүүлж, өөрсдөө ч уулзаж байсан. Тэд “Бид их сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байсан. Шүүх хуралд ороод сууж байхад хойд талд нь хар масктай, буу барьсан тусгайгийнхан зогсож байсан. Ариун цэврийн өрөө рүү дагаж орж байсан.

Хэргийг уншаад тэмдэглэл хийхээр тэмдэглэлийг хурааж авч байсан” гэсэн. Одоо хүртэл тэр тэмдэглэлүүд тагнуулд хадгалагдаж байгаа. Ийм л байдалтай шүүх хурал болж, мэтгэлцэх зарчим алдагдсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Тэр Г.Эрдэнэбат толгойлсон. Г.Эрдэнэбат прокурор ч хүн биш. Их сургуулийн багш байж байгаад танил тал, үнэнч байх гэдэг шалгуураар Ерөнхий прокурорын орлогч болчихсон хүн. Ярьж байгаа зүйлийг нь мэргэжлийн үүднээс үзвэл инээдтэй зүйл их ярьж байналээ.

-Жишээлбэл?

-Б.Булганыг энэ хэргийн хамжигч байсан гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа юм. Гэтэл дөнгөж сая Б.Булганыг яллагдагчаар татаж, байцааж байна гэдэг дүгнэлт гаргасныг харлаа.

Жил энэ хэргийн хамжигч гэж Булганыг хорьчихоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгочхоод өнөөдөр яагаад дахиад яллагдагчаар татаж байгаа юм.

Хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж байна лээ. Гэмт хэрэгт зохион байгуулагч, хамтрагч, хамжигч, гүйцэтгэгч гэж байдаг. Ер нь энэ нэвтрүүлгийг үзээд би их харамссан. Гэртээ агсам, согтуу тавьсан хүн хүн алдаг хүн болж хувирах нь дээ. Б.Содномдаржаагийн агсан тавьсан бичлэг ямар нотлох баримт болох юм бэ. Ална барина гэсэн л байна лээ. Согтуу хүн дандаа л тэгж байдаг.

Бухимдсандаа Б.Булганы гаргасан салаавч ямар нотлох баримт юм. Хөгийн байгаа биз дээ. Захиалагчийг нь олоогүй хэрнээ тэр аймар ухаантай захиалагч байна лээ. Баригдахгүйн тулд хөдөөний, насанд хүрээгүй хүүхэд олж нарийн төлөвлөсөн байна лээ гэж л прокурор хүн яриад байгаа юм даа. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт энэ хэргийн учир гарна

Дээд шүүх дээр очих боломжгүй болгож, айхтар том хуулийн завхрал санаатайгаар хийсэн. Дээд шүүх дээр хурал болоход Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилдог. Танхимын шүүгчийн эрхийг дээд шүүхийн ерөнхий шүүгч булааж аваад өөрөө шүүх хурлыг даргалсан. Энэ дунд Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах нэг эрх байдаг.

Тэр гомдол үнэн байвал Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулах нэг шат байдаг. Дөрөвдөх шат нь энэ. Анхан, хяналт, давах, бүх шүүгчдийн хуралдаан гэсэн дөрвөн шат байдаг. Гэтэл Ерөнхий шүүгч тэргүүн шүүгчийнхээ эрхийг булааж авснаас олж эсэргүүцэл бичих дөрөв дэх шатны эрх байхгүй болсон. Үүнийгээ яагаад ярихгүй байгаа юм. Мөн Ц.Амгаланбаатарын олон удаагийн хэрэг худлаа хүлээсэн зүйлийг огт ярихгүй байна лээ. Зориудаар хаяж байгаа.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булганы тухай ярьж, зураг, бичлэг үзүүлээд байдаг. Гэтэл гол бүх зүйлийг ярьсан Ц.Амгаланбаатарын тухай нэг ч яриагүй. Бусад нотлох баримтаар бид нотолсон. Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал ял эдэлж буй хүн дээд шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Тэр гомдол зөв байвал дээд шүүхийн ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичээд дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх шат бий. Ерөнхий шүүгч тэргүүн шүүгчийнхээ эрхийг булааснаас болж эсэргүүцэл бичих буюу шүүхийн дөрөв дэхь шатны үйл ажиллагаа байхгүй болсон.

-УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан ч ажлаа эхлээгүй л байгаа гэсэн. Үүнд яг юу нөлөөлж байна вэ?

-УИХ-ын гишүүдэд эрүү үүсгэсэн асуудал байхгүй. Мөрдөн байцаах ажилд саад учруулж байна гэдэг хэрэг үүсгэж, айлган дарамтлах сүрдүүлэг явж байна. Ингэж болохгүй. Прокурор хүнд төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг мэргэжлийн зэрэг, цол олгодог. Прокурор хүний толгой хуулийн лаборатори байх ёстой. Асар өндөр зэрэглэлтэй, мэдээллээс гол зүйлээ аваад үлддэг, гэмгүй хүнийг мөшгөж байвал зогсоодог албан тушаал юм шүү дээ.

Хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг үндэсний бөхөөр яривал дархан аварга гэсэн үг юм шүү. Тийм хүний доор ажиллаж байгаа, орлогч нь хийж байгаа хүн ийм зүйл яриад сууж байна гэдэг үнэхээр харамсалтай.

-Таныг "ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг С.Зориг агсны хэргийн материалтай танилцсан байх боломжгүй. Хэрвээ танилцсан бол албан тушаалаа урвуулан ашигласан байж таарна" гэж мэдээлсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би хэргийн материалтай танилцаагүй. Нэгдүгээрт, надад энэ хэргийн асуудлаар маш олон өргөдөл ирдэг. Хоёрдугаарт, мэргэжлийн мэдээлэл өгдөг хамтран ажиллаж байсан хүмүүс олон бий. Манай салбар дотроосоо үүнийг эсэргүүцдэг хүмүүс “Уг хэргийг ингэж завхруулж байна, сайдаа” гэж надад хэлдэг. Өмгөөлөгчид арга ядаад ирдэг. Жишээ нь, Т.Чимгээг айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь хүний хүүр аваачиж хаясан гэж цагдаагийхан надад хэлж байгаа юм. Үнэн л байсан.

Мөн “Наад Ц.Амгаланбаатар гэдэг хүн олон хэргийг худлаа хүлээсэн. Юу ч ярьж мэдэх хүн. Энэ хүний үгээр уг хэрэг яваад байна шүү дээ гэж цагдаагийхан надад хэлдэг юм. Тэгээд үүнийг нь үнэн үү гээд асуухаар яалт ч үгүй үнэн л байдаг. Ц.Амгаланбаатар гэдэг хүн чинь “Архангайн Цэнхэрт гурван хүн алсан” гэж мэдүүлсний мөрөөр манай цагдаагийнхан хэлсэн газарт нь очиж хагас сар мөс ухаж байсан. Сүүлд нь худал болж таарсан. Эрдэнэтэд Ганбат гэдэг хүнийг хутгалаад алсан хэргийг хүлээсэн. Цагдаагийнхан мөрөөр нь шалгахад мөн л худлаа байсан. Таксины жолоочийг мөчилсөн хэрэгт найзыгаа гүтгэсэн. Найзыг нь барьж аваад шоронд хийсэн. Гэтэл найз нь биш өөрөө болж таарсан. Ийм хүний үгээр эд нар ажил явуулаад байна гэж манайхан надад хэлдэг. Түүнээс энэ хэрэг дээр өөрийгөө зовоож байх шаардлага надад алга.

-Гүйцэтгэгчээс өмнө захиалагчийг олж ялладаг жишиг дэлхийд байхгүй гэж та хэлж байсан. Энэ хэргийн захиалагчийг олох ажилд улс төрийн үйл ажиллагаа орох вий гэсэн болгоомжлол хүмүүст байдаг?

-Захиалагчийг олж байж гүйцэтгэгчийг нь шийтгэдэг ёстой юм. Учир нь захиалагч мөнгө өгдөг. Түүнээс үнэгүй хүн алахгүй. Тэгээд баримтгүй бол захиалагч, гүйцэтгэгч хоёрыг нүүрэлдүүлэх ёстой. Яалт ч үгүй хэргийн газарт баригдчихсан бол гүйцэтгэгчийг барьж болно. Гэтэл энэ хэргийн гүйцэтгэгч нь баригдалгүй 18 жил болчихсон. Энэ тохиолдолд захиалагчийг олох явдал нэн тэргүүний асуудал юм. Жишээ нь, Б.Булганы хэлсэн ам зургаар хүн ялласан. Гэтэл Б.Булганыг хуралд нь оруулахгүй байна. Уг нь хуралд нь оруулаад “Чиний яриад байгаа хүн энэ мөн үү” гэж асуух ёстой юм байгаа биз дээ. Надад улайрч, дайрах зүйлгүй.

Саяхан Б.Содномдаржаагийн ээж нь өмгөөлөгчийнхөө хамтаар ирж надтай уулзсан. Би “Таны хүүхдийг би өмөөрч яваад байгаа юм биш. Үүнийг та хатуу ойлгоорой. Хүүхэд чинь үнэхээр хэрэг хийсэн юм бол ярих юм байхгүй. Хуулийнхаа дагуу л явах ёстой. Надад сайн хүн болж харагдах шаардлага огт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа үүрэх л ёстой.

Хуулийн зарчим алдагдсан болохоор би ингэж байгаа шүү гэдгийг эцэслэн хатуу ойлгоорой” гэж хэлээд гаргасан. Энэ хэрэгт өмгөөлөгчийг үгүй болгож мэтгэлцэх зарчмыг үгүй болгож буй нь миний дургүйг хамгийн ихээр хүргэж байгаа юм. Энэ зүгээр нэг хэргийн асуудал биш. Хуулийн тогтолцоо бүхэлдээ нурах аюултай. Олон улсын парламентаас ирсэн бичигт “Уг хэрэг энэ янзаараа дуусвал Монголын цаашдын хувь заяанд туйлын хортой нөлөө үзүүлнэ” гэж бичсэн байсан. Энэ үнэн шүү дээ.

-Сүүлийн үед тань руу зохион байгуулалттай дайрч байгаа мэт харагдаж байна. Энэ хэний явуулга гэж бодож байна вэ?

-Монголд ийм балмад явдал гаргуулахгүйн төлөө би байдаг бүхнээрээ дэнчин тавина. 1937 оныг бид мартаагүй. Тэр үйл явдал амилах гээд байна. Амилуулахгүйн тулд би бүх зүйлээрээ дэнчин тавьж байна. Намайг замаасаа зайлуулах нь эдний нэг номерын асуудал болсон байна. Хөрөнгө хулгайлдаг, хүмүүсийг тамладаг хүмүүс намайг сүрдүүлж байх шиг байна.

Эх сурвалж: zaluu.com 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ