Нургюль Ешилчай: Би зураг авалтын үеэр Кесемийг зүрх сэтгэлээрээ мэдрэн түүний амьдралаар амьдарсан

191
2018 оны 05-р сарын 11
Туркийн “Гайхамшигт зуун. Кесем” олон ангит телевизийн кино дэлхийн 80 гаруй оронд гарснаар тус киноны гол дүрийг бүтээсэн Нургюль Ешилчай эх орондоо төдийгүй дэлхий даяар алдаршжээ. Түүний сая сая шүтэн бишрэгчид өдгөө 42 настай жүжигчин эмэгтэйг Анатолийн их сургуулийг дипломатчийн мэргэжлээр төгссөнийг, кинонд хөл тавихаасаа өмнө театрын тайзнаа “Хамлет”-ын Офелиа гээд олон сонгодог жүжгийн дүр бүтээснийг тэр бүр мэдэхгүй биз ээ.
Нургюль Ешилчайн “Hurriet Kelebek” сонинд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-“Гайхамшигт зуун. Кесем” киноны гол дүрд гайхамшигтай тохирсон таныг дүрдээ жинхэнэ утгаараа орж чадсан учраас тус кино ийнхүү дэлхийд амжилт олсон гэж үздэг?
-Энэ сайхан киноны гол дүрд тоглосноороо би бахархаж байна. Зураг авалтын үеэр би дүрээ сэтгэлээсээ мэдэрч түүний амьдралаар амьдрах болсон юм. Нэг хүний дотор эрх мэдэл, нэр хүндийн төлөөх тэмцэл, харгис хэрцгий зан уян зөөлөн сэтгэлтэй хэрхэн уялдаж зохицсон нь надад гайхалтай санагдсан.
-Та бүтээсэн дүртэйгээ төстэй биш гэж үү?
-Үгүй дээ. Би Кесем шиг ухаалаг, хүчтэй хүн биш.
-Гэвч та чухам тийм хүн шиг л сэтгэгдэл төрүүлдэг?
-Би хүчтэй байхыг хичээдэг ч Кесемийн хэмжээнд яаж хүрэх билээ.

kinopoisk.ru

-Туркийн түүхэнд эмэгтэй хүн төр барьсан нь чухал цаг үе байв. Таны бодлоор улс орон маань яаж яваад эмэгтэй хүнээр удирдуулахдаа тулсан бол?
-Кесем бол манай түүхэн дэх онцгой содон тохиолдол. Төр засгийг эрэгтэйчүүд залуурддагтай бүгд хэдийнээс дассан ч эмэгтэйчүүд төрсөн цагаасаа эхлээд бүхий л салбарт дээд түвшин рүү тэмүүлэх нь зөв л гэж би үздэг.
-Өнөө цагт эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээртэй болсон гэж танд санагддаг уу?
-Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хамгийн гол нь бүхнийг өөрийн нуруун дээрээ тээх шаардлагагүй болов уу. Эм, эр аль нь ч ялгаагүй. Ямар ч хүнд найдаж болох, ачаагаа хуваалцах итгэлтэй дотно хүн байх ёстой гэж би үздэг.
-Эр хүн таны зүрх сэтгэлийг хэрхэн эзэмдэж чадах бол?
-Өөрт нь бүрэн итгэж, бүхнээс хамгаалагдсан гэдгийг мэдрүүлж чадсан тийм л эр хүн.
-Тэгвэл хайр дурлалын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Хайр дурлал бол амьдралд хамгийн чухал зүйл. Хайргүйгээр амьдрана гэдэг утгагүй, бүр боломжгүй болов уу.
-Хүн амьдралдаа хэдэн удаа дурлаж болох вэ?
-Энэ бол амаргүй математик. Яг таг хариулт олдох нь юу л бол. Би хүн амьдралдаа ганцхан удаа л дурлаж болно гэсэн үзэлтэй санал нийлдэггүй. Би гэхэд л амьдралдаа найман удаа дурлаж үзсэн хүн.
-Та хартай хүн үү?
-Үгүй. Би сэтгэл хөдлөлөө хянахыг эрмэлздэг.
-Та хүүгээ ирээдүйн эхнэртэй нь хардахгүй юу?
-Би сайн хадам ээж байхыг л хичээх болно.
-Та нөхрөөсөө салсан. Тэр хүн хүүтэйгээ одоо ямар харилцаатай вэ?
-Жем хүүтэйгээ дотно байхыг эрмэлздэг. Тэр хүү дээр минь үе үе ирж хамт тоглодог юм. Тэр хоёрыг хамт байхыг харж суух сайхан шүү.
-Жүжигчний карьераа дахин тэгээс эхлэх шаардлага тулгарвал та бүхнийг дахин эхлүүлж чадах уу?
-Чадах байх шүү. Би чинь мөрөн дээрээ толгойтой хүн. Иймд бүхнийг шинээр эхэлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Иймээс ч би олсон бүхнээ алдахаас айдаггүй.
-Таны шинэ өдөр яаж эхэлдэг вэ. Ажлын өдрөө зөв эхлүүлэх ямар нэг дадал болсон уламжлалт арга танд бий юу?
-Юуны түрүүнд өлөн дээрээ хоёр аяга ус уух нь зөв. Үүний дараа л өглөөний зоогоо барьдаг даа.
-Та өөр ямар амжилад хүрэхийг хүсч байна вэ?
-Би олон зүйлд хүрсэн ч байрандаа зогсолгүй мэргэжлээрээ цаашид ч дэвжин хөгжихийг хүсдэг. Мөн хүүгээ сайн хүн болгож өсгөхийг эрмэлзэж байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ