ДЭД САЙД Б.ЦОГТГЭРЭЛИЙН БАРИМТЫГ ДЭЛГЭСЭН ЗАЛУУГИЙН ЭСРЭГ ЭКС ЭХНЭР НЬ МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2180
2018 оны 06-р сарын 07

Борын Ганзориг гэх залууг Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийн талаар ЕБС төгссөн эсэх, хуучин вагоны хэрэг гээд олон ноцтой асуудлаар баримт дэлгэн мэдээлэл хийсний  дараахан нь түүний эхнэр асан, хоёр хүүхдийнх нь  ээж,В.Содончимэг болон "Монголын Хуульчдын Холбоо"-ны гишүүн Г.Лхагвасүрэнгийн хамт гэр бүлийн хүчирхийллийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. 

Тэрбээр хэлэхдээ “Би 2009 онд Б.Ганзориг гэдэг залуутай гэр бүл болж хоёр хөөрхөн охинтой болсон. Хамт амьдарсан үеэс эхлэн гар хүрч, хэл амаар доромжилдог байсан. Хоёр охиноо бодоод таван жил хамт амьдарсан ч 2014 онд албан ёсоор салсан. Гэвч өдийг хүртэл намайг дайрч доромжилж, гар хүрч зодож байна. Энэ явдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа тухай цагдаагийн байгууллагад 7-8 удаа дуудлага өгч, гомдол гаргасан ч тодорхой хариуцлага тооцдоггүй. Энэ нь тухайн хүнийг өөгшүүлэхийн зэрэгцээ улам их гэр бүлийн хүчирхийлэл бий болоход нөлөөлж байна. Энэ бол зөвхөн ганцхан гэр бүлийн доторх хүчирхийллийн асуудал биш. Маш олон эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө энэ хэвлэлийн бага хурлыг хийхээр шийдсэн” гэв.

"Монголын Хуульчдын Холбоо"-ны гишүүн Г.Лхагвасүрэн “Энд гэр бүлийн хүчирхийллээс гадна хүүхдийн хүмүүжлийн асуудал хөндөгдөж байгаа юм. Зөрчлийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, гэр бүлийн тухай хуулиар эрүүл аюулгүй байдалд амьдрах эрхийг зөрчиж байгаа юм. Хохирогчийн хувьд энэ бүхнийг ингэж дэлгэх маш хүнд даваа. Гэхдээ энэ бол хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хийж байгаа үйлдэл юм” гэлээ.

В.Содончимэгийн хэлснээр, хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард хүүхдээ авах гээд очиход нь ГХЯ-ны өмнө зодож, хэл амаар доромжилсон тухай асуудалд БЗД-ийн цагдаагийн хэсэгт мэдэгдэж зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

Энэ талаар хуульч Г.Лхагвасүрэн “Хуулийн дагуу хохирогч бүх үйл явцтай танилцах эрхтэй боловч танилцуулахгүй гэсэн хариу ирсэн. Цагдаагийн байгууллага өөрөө гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргээ гүйцэтгэхгүй байгаа нь энэ төрлийн зүйл улам даамжирах вий гэсэн болгоомжлол байна” гэв.

Тиймээс иргэн В.Содончимэгийн зүгээс Хүний эрхийн комисс, Дүүрэг, хорооны засаг дарга, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад хандаж “Гэр бүлийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” болон бусад холбогдох хуульд зааснаар эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг хамгалах, дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байхад анхаарч өгнө үү хэмээн хүсэлт илгээнэ гэж хуульч Г.Лхагвасүрэн хэллээ.

Мөн иргэн Б.Ганзоригийг Шүүхийн шийдвэрээр 2014 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш дахин эд хөрөнгийн маргаан үүсгэж, сар бүр хүүхэддээ тэтгэлэг өгөх ёстой гэсэн шийдвэр гарсан боловч үл биелүүлсэн гэх мэт асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн ШШГЕГ болон ЦЕГ-т В.Содончимэг хүсэлт гаргахаа хэлсэн юм.

Харин хуульч Г.Лхагвасүрэнгээс энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой тухай тодруулахад, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл энэ нь эрүүгийн гэмт хэрэг үүсгэх том асуудал биш гэж үзвэл зөрчлийн хэрэг үүсгээд баривчлах хүртэл арга хэмжээ авах ётой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд бол хохирогчийг хамгаалалтанд авах гэсэн заалт бий насанд туршид нь хамгаалалтанд авах боломжгүй.

Хохирогч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд цагдаагийн байгууллагад хандахад ямар нэг байдлаар хариуцлага тооцохгүй байгаа нь хүчирхийлэл үүсэх сэдлийг улам өөхшүүлж байна гэж харж байна. Цагдаагийн байгууллага, дүүрэг болгон дээр байгаа гэр бүл хөгжлийн төв, төрийн байгууллагуудаас хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой юм.

Хүчирхийллийг өөгшүүлж буй зүйл бол цагдаагийн байгууллагаас гадна гэр бүлийн хүчирхийллийн эсрэг анхаарал тавих ёстой төрийн болон төрийн бус байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас үнэн бодитоогоор таслан сэргийлж урьдчилан сэрийлэх арга хэмжээг авч чадахгүй байна.

Хүчирхийллээс ангид байх эрх чинь нээлттэй гэдгийг хүчирхийлэлд өртөж буй хүмүүст уриалж байгаа юм. Үйлчлүүлэгчийн хувьд холбогдох газруудад гаргасан хүсэлтэд, эргээд тодорхой үр дүн гарна гэсэн итгэлтэй болохоор энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм” гэв. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ