М.Энхболдоос суралцацгаа МАН-ын “багачуудаа”

414
2018 оны 07-р сарын 01

Улстөрчдөд байх хамгийн том шалгуур бол ёс зүй. Сүүлийн үед улстөрчдийн ёсзүйтэй холбоотой асуудал хамгийн их яригдаж, хамгийн их шүүмжлэл хүртэж байна. Ялангуяа энэ парламентэд буюу МАН-ын 65 суудалтай гишүүдийн ёсзүйн асуудал 2016 оны долдугаар сард тангараг өргөж, гишүүн болсон цагаас л эхэлж, яригдсаар байгаа. Ямар сайндаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй 16 гишүүн УИХ-ын гишүүдийн ёсзүй, хариуцлагыг сайжруулахаар Дэгийн тухай хуулийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байхав.

Тэгвэл энэ парламентэд байгаа гишүүд УИХ-ын даргаасаа суралцах зүйл их байна. Ядаж түүний хариуцлага, ёсзүйтэй байдлыг даган дуураймаар байна. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн парламентыг удирдаж байсан УИХ-ын дарга асан З.Энхболдоос шал өөр характертэй нэгэн. З.Энхболд шиг түс тас биш ч удирдах чадвар түүнд бий. Үүнийг өнөөдөр парламентэд МАН 65 суудал авсан үйл явдал гэрчилнэ.

Гэхдээ тэр гавъяа байгууллаа, миний хүчин чадлаар нам яллаа гэж онгирч, саймширч явсангүй. Харин ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдсаныхаа дараа хариуцлагаа үүрч намын даргын суудлаа өгөхөө зарлаж байсан. Угтаа бол тэрбээр ялагдлын шийтгэлийг бус ялалтын амтыг мэдрэх ёстой байсан. Учир нь намын нөхөр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргынхаа эсрэг ажилласан гэх мэдээлэл нэгэнт олон түмэнд ил болсон.

Гэхдээ тэр хэн нэгэнд бурууг тохож, унасан шалтагаа хэн нэгнээс хайж яваагүй. Зүгээр л хүлцэнгүй байдлаар хариуцлага хэмээх үгийн үнэ цэнийг намын нөхөддөө мэдрүүлсэн гэхэд болно. Хэрэв асуудалд эрүүлээр хандсан бол намын даргаа авч хаях бус намынхаа эсрэг ажилласан, эсрэг зогссон нөхдүүддээ хариуцлага тооцох ёстой байсан гэдгийг одоо ч жирийн гишүүд, дэмжигчид илэрхийлсээр байдаг нь нууц биш юм.

2012 оны бүх шатны сонгуульд дараалж ялагдал амссан МАН-ын гашуун өдрүүдийг М.Энхболд л өөрчилж, өнөөдрийн засаглалын эрх мэдлийг авч ирсэн гэхэд болно. Түүний ачаар л өнгөрсөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн "бор халзан төлөг" хүртэл гарч ирэх нөхцөл байдалтай сонгууль болж өнгөрсөн нь үнэн.

Гэсэн хэдий ч нам доторх хагарал, улс төр дэх хийрхэлийг намжаахын тулд М.Энхболд хариуцлагыг өөр дээрээ хүлээж чадсан юм. Тэрбээр урьд нь ч ийм байдлаар хариуцлагын галыг өөр дээрээ дуудаж явсан түүхтэй.

М.Энхболд 2007 онд Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа улстөрийн нөхцөл байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хэмээн өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч байсан, хоёр ч удаа намын даргаар ажиллаж, намаа ялалтад хөтөлж байсан түүхтэй.

Олон жилийн улс төрийн туршлага, аливаад цээжний бангаар хандаж сүгсэлздэггүй зан нь түүнийг намаа цаг үргэлж ялалтад хөтөлдөг бололтой. Харамсалтай түүний хүчин чармайлтаар зөөлөн суудалд тухалж, өндөр албанд томилогдсон гэдгээ мартсан МАН-ын "багачууд" М.Энхболдынхоо ач гавьяаг мартаж, эрх мэдлийн галд хууртаж улс орноо ч, улс төрийн намаа ч самарсаар байна.

Улстөрд хол явъя, мундаг, туршлагатай улстөрч болъё гэвэл нэн түрүүнд хариуцлагатай ёсзүйтэй байх нь л нэн чухал. Тиймээс "Будаг" нь ханхалсан залуу гишүүд маань эрх мэдлийн төлөө төрөө, намаа шороотой хутгаж байхын оронд УИХ-ын даргаасаа улстөрчдөд байх хамгийн эрхэм бөгөөд чухал зан чанарыг суралцаад авбал алсаа хэтдээ мөн ч хэрэгтэй юмсан даа.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ