Монголын багш нарын төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана

282
2018 оны 08-р сарын 06

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо" ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа "Монголын багш нар 2017 оны наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн цалингаа нэмүүлэхээр өнөөдрийг хүртэл төр засагт дуу хоолойгоо хүргэж, тэмцэж ирлээ. Бид ололт, амжилт, алдаа, оноотой нэг жилийг ардаа үдэж байна.

Бид энэ хугацаанд "Монголын багш нарын нэгдэл ТББ", Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулж, Багшийн цалин нэмүүлэх түр хороогоо албан ёсны ТББ болгон үйл ажиллагаагаа явуулж байна.

Анх "Урвахгүй, шарвахгүй. Ухрахгүй, шантрахгүй" уриатай эхэлж байсан. Бид өнөөдөр л тэр хэвээрээ байгаа гэдгийг онцлон хэлмээр байна" гэв.

"МҮЭХ ХӨДӨЛМӨРЧИН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ТУУШТАЙ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА"

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар "Багш нарын цалин нэмүүлэх хөдөлгөөн үүссэний нэг жилийн ой өнөөдөр тохиож байна.

Боловсролын салбарыг улс орны тэргүүлэх салбар гэж үздэг. Тийм учраас энэ салбарт ажиллаж буй багш, ажилчдын цалин нь олон улсын хэмжээнд хүрсэн, амьдралд хүрэлцэхүйц хэмжээтэй байх ёстой гэсэн байр суурьтайгаар бид тэмцлээ өрнүүлж ирсэн.

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо одоогоор албан ёсны 1,500 гаруй гишүүнтэй, нэгдэхээ илэрхийлж буй 10,000 гаруй хүн байна. Манай байгууллага нь цалин нэмүүлэх хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажилладаг.

МҮЭХ сүүлийн 28 жилийн турш хөдөлмөрчин иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалж чадахгүй байгаа юм. Тиймээс бид багш нарын ҮЭХ-г шинээр тусад нь байгуулсан. Энэ байгууллага нь Монголд бий болсон гурав дахь чөлөөт Үйлдвэрчний эвлэл юм" гэлээ.

"МОНГОЛД ХҮН АЖИЛЛАЖ ЯДУУРЧ, ЯДУУРЧ АЖИЛЛААД БАЙНА"

Монголын багш нарын нэгдэл ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Лувсандорж "Яг нэг жилийн өмнө Монголын багш нар аймаг, хотынхоо том талбайг дүүргэсэн. Ингэж дүүргэсэн гол шалтгаан нь багшийн нэг цагийн ажлын хөлс бага байгаатай холбоотой.

Монголд хүн ажиллаж ядуурч, ядуурч ажиллаад байна. Үүний нэг тод жишээ нь багш нар. Одоо багш нар дахин талбайг дүүргэе гэсэн санал гаргаад байгаа. Оролцоо сайн бол бүх зүйл амжилтад хүрч чадна гэдгийг багш нар харуулсан.

Монголын төр бол ард түмний хамгийн том, чухал өмч юм. Энэ өмчийг өнөөдөр Монголчууд хэрэглэж сурч байна. Тухайлбал, багш нар оролцооныхоо хүчээр Монголын төрд шаардлага тавьж хэрэгжүүлдэг замд суралцан нэг жил боллоо.

Цаашид бид дахин оролцооны хүчээр дараах зүйлсийг хийнэ.

Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана. Үүний тулд багшийг их хуралд суухыг хориглосон заалтуудыг халахын төлөө бид ажиллана.
Хуулийн заалтыг өөрчилж, багшийн цалингийн шинэ сүлжээг бий болгохын төлөө оролцоогоороо ажиллана.

"БИД ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ХУВЬСГАЛЫГ ХИЙХ ЁСТОЙ"

Улсаа аврах үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б.Жагар "Өнөөдөр Монгол Улс МАНАН-гийн бүлэглэлийн хувийн компани болсон гэдэг нь тодорхой харагдаж байна.

Ер нь Монгол улсын багш нар төдийгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дийлэнх нь боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Учир нь дундаж цалин дөнгөж 350-450 мянган төгрөгийн хооронд байна. Энэ бол ердөө долоо хоногийн хоол хүнсний мөнгө.

Өнөөдөр энэ төр засагт байгаа 76 гишүүний зарим нь сайн хүн байж болох ч, дийлэнх нь улстөрийн гэмт хэрэгтнүүд. Тэд улс үндэстнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, Оюутолгойгоос болоод 9 жилийн хугацаанд 50 их наяд төгрөгийн өрөнд орчихоод байна.

Түүнчлэн, МҮЭХ гэсэн 100 жилийн түүхтэй байгууллага бол ялзарсан, авлигажсан. Үе үеийн засгийн газраас мөнгө авч Монголын хөдөлмөрчдийн цалинг нэмэгдүүлэх ажлыг хааж, боомилдог. Тиймээс энэхүү МҮЭХ татан буугдах хэрэгтэй.

Багшийн цалинг нэмүүлэх энэхүү тэмцэл бол Монгол Улсын бүхий л салбарын цалинг нэмэгдүүлэх томоохон хөдөлгөөн болж байгаа юм. Өнөөдөр бид цалингаа нэмүүлэх хувьсгалыг хийх ёстой. Монголчуудыг хувьсгал, тэмцэлд нэгдэхийг уриалж байна" гэв. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.