СЭЖИГТНҮҮДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ НЭРИЙДЛЭЭР НЭГ КАМЕРТ ХОРЬЖ ҮГСЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖЭЭ

1151
2018 оны 08-р сарын 13

Энэ сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яам буюу Засгийн газрын 13 дугаар байрны гадна хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Г гэх залуу харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Түүнийг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 48 настай Б.Махбал гэгч хөнөөсөн болох нь тогтоогдож, өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдон шалгуулж байна.

Яг ямар хэрэг болсон, хохирогчийн аминд яаж хүрсэн талаар тодорхой мэдээлэл цагдаагийн байгууллагаас огт өгөөгүй. Харин олон нийтийн дунд “Хутгалсан гэнэ” гэх явган яриа тархсан юм. Гэтэл түүнийг хутгалж биш, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар бүлэглэн зодож, амь насыг нь хөнөөсөн талаар талийгаачийн найз, “Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Т.Сайнжаргал гэх залуу твиттер хуудастаа нийтэлсэн байна.

Тэрбээр талийгаач найзынхаа гэрт очиж ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байна. Энэ үед талийгаачийн талаарх худал ташаа мэдээллүүдэд ихээхэн эмзэглэж, бас маш их гомдолтой байгаагаа ар гэрийхэн нь илэрхийлжээ. Тус айлын амьдрал сүйрч, дөрвөн бяцхан үр эцэггүй, нулимстай үлдсэн байх юм. Тухайн хэрэг гардаг өдөр ЗТХЯ-нд яг юу болсон талаар ар гэрийнхэн нь хяналтын камер болон бусад эх сурвалжуудаас авсан мэдээллүүдээ нэгтгэж иргэн Т.Сайнжаргалд ярьсан байна.

Энэ хэргийг хэдийгээр цагдаагийн байгууллага шалгаж, юу болсныг эцэслэн тогтоох хэдий ч талийгаачийн ар гэрийнхэн өгсөн мэдээллийг Т.Сайнжаргалын сийрүүлснээр нэмэлт хачиргүйгээр та бүхэнд хүргэж байна.

Т.САЙНЖАРГАЛ: Б.МАХБАЛ ТАЛИЙГААЧИЙГ ХОЁР ЦОХИЖ УНАГААД, ТОЛГОЙ РУУ НЬ ДОЛООН УДАА ӨШИГЛӨЖ, ЭРҮҮГ НЬ МУЛТАЛСАН

Тэрбээр “...ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.

18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгчийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон.

Талийгчийг яамны гадна орхиж орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!.

Хэрэг явдал болсноос хойшхи мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээллэж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой. Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье. Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай. Дөрвөн хөөрхөн үрс нь нулимстай үлдлээ. Нэг айлын элэг бүтэн амьдралыг сүйтгэлээ” хэмээн бичжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.