Туул голыг "тамлаж" буй "Эко алтан заамар" компанид ямар хариуцлага тооцох вэ, сайд аа

390
2018 оны 08-р сарын 15

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар ажлаа хийнэ үү

Туул голыг харж, хамгаалах үүрэгтэй байгаль орчныхон, ойн байцаагч, гол ус хамгаалагчид, мэргэжлийн хяналтынхан, Ашигт малтмалын газрынхан, Туул голын сав газрын захиргаа, гол, нуур, усыг ашигт малтмал олборлогчдоос хамгаалах төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн хаана явна вэ.

Тэнд “Эко алтан заамар" хэмээх компани Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирлаж байна.

Бүр тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн хөндийгөөр урсаж буй Туул голын хоёр талын эргийг аль аль талаас нь гурван метр хүрэхээргүй шахам эрэг үлдээгээд ухаж, онгичиж байна. Биднийг тус газарт очиход Туул голын зүүн эрэг дээрх олборлолт, газар шорооны ажил зогссон харин баруун эргийнх нь олборлолтын ажил үргэлжилж байлаа.

ТУУЛ ГОЛЫН ЭМГЭНЭЛ БА АЛТНЫ ТӨЛӨӨХ ШУНАХАЙРАЛ


Монголын алтны нөөцийн 60 орчим хувийг хэвлийдээ хадгалж буй гэгддэг Заамар сумын нутаг сүүлийн 30 орчим жил оготнын нүх шиг болтлоо онгичуулж, сийчүүлж, дэлбэлүүлж, ухуулсан ч “үйл” нь дуусаагүй бололтой. Учир нь тус сумын уул ус, газар шороо, ургамал, амьтан, ард олныг тэжээн тэтгэхийн зэрэгцээ Сэлэнгэ аймгийн нутгаар цааш үргэлжлэн олон газар орныг ундаалдаг Туул гол алтны компаниудын төмөр саварт сэглэгдэж, тасрах, голдрил нь өөрчлөгдөхөд ойрхон болжээ.

Заамар сумын 2,900 ам км нутаг дэвсгэрт нь өнөөдрийн байдлаар албан бус тоогоор 330 орчим аж ахуйн нэгжийн ойролцоогоор 2,000 орчим хүн, хүнийхээ тооноос арай цөөн техник хэрэгсэл, хүнд даацын машин оволзож, холхиж байна.

Тэдний дээр тус газрын алтанд шунасан гадаад, дотоодын зуу зуун хүн хайгуулын өрөмдлөг хийхээр багаж, хэрэгслээ энд тэндгүй зоож байна. Өөрөөр хэлбэл, эрүүл газар нь 500 ам километр ч хүрэхгүй болтлоо сэндийчүүлсэн энэ бяцхан суурин алт олборлогчдод эзлүүлсэн гэлтэй. Гэвч тус сумын Засаг дарга “Манай суманд албан ёсны ашиглалт, хайгуулын эрХтэй 17 компани, аж ахуйн нэгж л өдгөө үйл ажиллагаа явуулж байгаа. Бусдынх нь үйл ажиллагааг түр зогсоосон, лацадсан байдалтай байна” хэмээн хээв нэг хариулж суусан юм. Албаныхны мэдээлэл, амьдрал дээрх бодит үнэн хоёр хол зөрүүтэй байдгийн нэгэн жишээ энэ.

Сумын төвөөс Хайлааст багийг зорих зам тэр чигтээ монголчууд хийгээд гаднынхны сүүлийн 30 орчим жил алтны төлөө хэмлэж буй газар нутаг. Хүрээлсэн уулс, өнгө нь гундсан модод, хаа сайгүй хэрэх том оврын хүчит техникүүдээс өөр хөл хөдөлгөөнгүй шороон хөндийгөөр давхисаар баян бүрд гэмээр ногоон талын захад гарч ирсэн ч Хайлааст багийн суурин мөн л уул уурхайнханд тал талаасаа бүчүүлжээ.

Алт, ашигт малтмалаа дагаж сүүлийн 20-иодхон жилд үүссэн 3,000 гаруй хүн амтай энэ суурингийн баруун, зүүн, өмнө талд алт олох их ажил өрнөнө. Хэдэн мянган тонны даацтай хүчит техникүүд хэдхэн өдрийн дотор ухсан нүхэндээ “Унагалдай” машин шиг жижигхэн юм тонгочиж харагдана. Түүний цаахнуур Туул гол мяралзан урсаж, голоо бараадсандаа юу гэмээр ойр тойрных нь уул, толгод ногоорч, хэд хэдэн гэр айлсан бууж, мал хотлох нь хэдхэн жилийн өмнө энд үхэр мөөрөх, адуу янцгаахаас өөр аниргүй шахам хөдөөгийн ажин түжин буйд амьдрал өрнөж байсны гэрч гэлтэй. Хайлааст багийнхны ард заамарчуудын шүтэж, сүсэглэдэг.

Өгөөмөр хайрхан орших бөгөөд энэ газар нутгийн хамгийн нүд булаам онгон дагшин байгаль, ан амьтад энэ хайрхны ойролцоо оршдог байсныг нутгийн иргэд ярьж байв. Энэ хайрхныг дөнгөж тойров уу, үгүй юү тохойрон урсах Туулын эргийг даган алтны төлөөх шунахайрал, цаг наргүй, амсхийх зав чөлөөгүй улангасал өрнөж байв. Туул голын эмгэнэл зөвхөн Улаанбаатарт бус, Хайлааст багийн Өгөөмөрийн хөндийн их тохойрол хэмээх газарт ч үргэлжилж байна.

“Эко алтан заамар" компани хөрс хуулах ажлаа тус газарт өнгөрсөн хавраас эхлүүлсэн байна. 30 шахам жил хэмлүүлсэн Заамарын бусад газрыг бодвол дөрөв, тавхан cap онгичуулж буй ч Туул голын их ус эргээсээ халих, далангаа сэтлэх, нэг л өдөр усыг нь боож үлдээсэн нимгэхэн эрэг нь сад тавихад бэлэн болжээ. Дөрөв, тавхан cap хэмээн тодотгосны учир нь эндэх хөрс хуулалт, олборлолтын ажлыг бүрэн зогсооход оройтоогүй байна гэх гэсэн санаа.

Тус компанийн олборлолт хийж буй газар руу биднийг ойртуулаагүйн дээр маш том талбайг эзэлсэн хамгаалалтын албаны хашаа татсан байсан юм. Хамгаалалтын албаныхан “Бидэнд мэдээлэл өгөх. эрх байхгүй. Эзэд нь Улаанбаатарт байгаа” хэмээгээд халгаагаагүйгээр барахгүй гэрэл зураг авахгүй байхыг анхааруулж байв. Ингээд Хайлааст багийн иргэн Б.Болдхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Амьдарч байгаа газар нутгийг чинь уул уурхайнхан ингэтэл нь сийчиж, ухаж байхад эсэргүүцэх, хориглох бодол төрөхгүй байна уу?

-Дийлдэхгүй шүү дээ. Өчнөөн л муудалцаж,, заримд нь бараг зодуулж л явсан. Үнэндээ эсэргүүцсэн, байгаль, дэлхийгээ хамгаалсан, уул, усаа харамласных нь буруу болоод, болгоод дуусгадаг жишиг бий болсон шүү дээ.

-Туул голын хоёр эргээс таван метр хүрэхгүй газар үлдээгээд ухаж байх шиг байна?

-Таван метр хүрэхгүй ч байж мэднэ шүү. Одоо их бороо орж, үерлэвэл далангаа сэтлээд их ус задрахаар байгаа. Бид анх хайгуул хийж байхад нь л эсэргүүцсэн. Сум, аймгийн холбогдох шатны бүх хүнд хандсан ч “Бид газар нутгаа ухуулахгүй. Тайван байж бай” гэдэг ч холбогдох бүх зөвшөөрлийг нь дарга нар өөрсдөө өгчихсөн байдаг.

Ажиллаж байгаа талбайд нь бид очоод эсэргүүцвэл эзэмшлийнх нь талбайд хулгайгаар орж ирсэн, хүч хэрэглэсэн гээд ямар ч хамаагүй аргаар биднийг цагдаад шалгуулна, хамгаалагчид нь зодож, нүднэ, хөөнө. Өнгөрсөн сарын сүүлчээр бид Туул голын эрэг орчмыг ухаж байгаа “Эко алтан заамар” гэж компанийг эсэргүүцэж хэд хоног жагссан. Холбогдох газруудаас үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан.

-Лицензийг нь цуцлах шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарч байсан нь худлаа байж ээ?

-Цуцлаагүй гэсэн. Хэл ам намжтал үйл ажиллагаагаа зогсоож байгаад ухна л даа. Алтныхны шилдэг арга шүү дээ. Хэдий зүүн эргийг нь ухах ажил зогссон ч баруун эргийг нь өдөр шөнөгүй л ухаж байгаа биз дээ. Нэг компанийн лицензийн талбай шүү дээ. Хуулийнхан, дарга нар ингэж л ажлаа хийж байна.

-Тог, цахилгааныг нь салгачхаж болдоггүй юм байх даа?

-Алтны компаниуд нөөцлүүр цахилгаантайгаас гадна цахилгааныг нь салгана гэсэн ойлголт байхгүй л дээ, аймаг, сумын удирдлагууд, дарга нарт.

-Хууль хяналтынхан, мэргэжлийн хяналтынхан ирж шалгалт хийхдээ хахууль авдаг, худал акт гаргадаг гэх мэт мэдээлэл иргэдэд байдаг юм билээ. Танд энэ талаар мэдэж байгаа зүйл бий юү?

-Би нүдээр хараагүй ч шалгалт хийж байхдаа хэвлэлийнхнийг дагуулж явж, сүржин дүр эсгэчхээд явахынхаа өмнөхөн нууцаар лацнуудаа аваад өгчихдөг гэж хүмүүс ярьдаг л юм билээ. Ер нь хууль бус бүх үйл ажиллагааг төрийн албаныхан, сайд дарга нар өөрсдөө хийдэг юм биш үү.

-“Эко алтан заамар” гэж компанийн талаар ямар нэгэн мэдээлэл бий юү. Мөн нутгийн иргэдэд албан ёсны зөвшөөрөл, лиценз зэргээ үзүүлж байсан уу?

-Энэ газрыг 2004 онд Канад эзэнтэй байсан гэж яриад байгаа юм. 2012 онд энэ компани манай суманд гурван төслөөр үйл ажиллагаа явуулж байгаад, 2016 онд яг энд олборлолт хийх А лиценз нь батлагдаад, үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэсэн. Лицензийн зураглалаас харахад А лицензтэй нь үнэн байна гэсэн. Гэтэл аливаа A лицензийг олгохдоо тухайн газар орны багийн хурлаар орж, нийгмийн хариуцлагын хүрээндээ ийм тийм ажлууд хийнэ, нөхөн сэргээнэ гэх мэт амлалтуудаа өгч байж багийн хуралд оролцогчдын 80 гаруй хувийн саналаар хүлээн зөвшөөрсөнд тооцож үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ.

Гэтэл энэ компани манай багийн иргэдтэй огт хурал хийгээгүй. Хурлаар ямар ч тогтоол хэлэлцэгдээгүй. Өөрсдөө болохоор танай сум руу иргэдийн хурал хийе гэж хүсэлт гаргасан боловч танай сум сарын дотор хариу өгөөгүй учраас дараагийн хууль ёсны алхмаа хийж, дараагийн байгууллагаар батлуулаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж яриад байгаа. Сумын удирдлагууд энэ компаниас ямар ч хүсэлт ирээгүй гэж хэлсэн.

Уг нь хууль ёсоороо аймаг, сумын засаг дарга, байгаль орчны газар, мэргэжлийн хяналт гэх мэт газрууд тавласан гэрээ хийж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгодог юм байна. Гэтэл иргэддээ мэдэгдэхгүй, иргэдийн хурлаар оруулахгүй тавласан гэрээ хийчихсэн. Гол усны ойролцоо онцгой бүсэд 50 метрээс дээш газарт олборлолт хийхийн тулд сум, орон нутагтайгаа тавласан гэрээ хийх ёстой байдаг юм билээ.

Тэд дээгүүрээ зохицуулаад, тэр гэрээг хийчихсэн. нь тодорхой болсон. Мөн Баян Базараа гэж хүний мэдлийн компани юм билээ, “Эко алтан заамар” нь. Энэ хүн алтны маш олон лицензтэй, ихэвчлэн энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийдэггүй гэх яриа байдаг юм билээ.

-Уул уурхайн олборлолтоос болж хүн, мал, амьтанд ямар нэг сөрөг нөлөөлөл гардаг уу. Хамгийн наад зах нь ухсан нүх рүү унаж, гэмтэх ч юм уу?

-Заамарчууд болоод энэ алтны компанид ажиллаж байгаа залуучууд, хүмүүсийн уушги, бөөр, амьсгалын замын эрхтнүүд маш их өвчлөлтэй байдаг гэсэн. Олон ч хүн биегүй болж, амиа алдсан. Ухсан нүх, хайгуул, олборлолтын талбайд хүүхэд, мал унаж, бэртэж гэмтэх явдал байнга гардаг. Дийлэнхдээ иргэд, малчдын буруу болоод өнгөрдөг.

-Туул голынхоо эргийг ингээд ухуулаад л байх юм уу?

-Наадмын өмнө манайхан их зоригтой нэгдсэн. Одоо харин намрын их ажил эхлэх гээд завгүй болцгоож байх шиг байна. Олуулаа нийлэхгүй л бол хүчрэхгүй л дээ. Энэ хавийн хэдэн айлын 40 гаруй хүн л нэгддэг юм. Зарим айл нь уул уурхайнхантай тохироод хэдэн төгрөг авчихсан байхыг үгүйсгэхгүй гэсэн мэр сэр яриа сонссон.

Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд манай нутгийн 20 гаруй булаг, шанд, горхи ширгэсэн гэсэн. Миний хувьд эсэргүүцэхэд хэзээд бэлэн байна. Нэгдэж, тууштай тэмцэх хүмүүс хэрэгтэй байна. Өөр нэг зүйл нь Өгөөмөрийн хөндийгөөс доош тээр тэнд харагдаж байгаа уулсыг тойрвол Туул голыг яг ийм байдалтай болтол нь ухаж байгаа хэд хэдэн компани бий.

ТУУЛЫН АМИЙГ TACЛAX ЗҮРХТЭЙ “ЭКО AЛTAH ЗААМАР”КОМПАНИЙН ЭЗЭН ХЭН БЭ


“Эко Алтан заамар” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм байна. Харин тус компани нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базар буюу олны нэрлэж заншсанаар баян Базараагийн өмч аж.

Тэрбээр өдгөө Алтай аймагт Таяннуурын уурхайгаас жилд 2.4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэгддэг. Үүнээс гадна түүний Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймагг байдаг алтны болон хүдрийн 10 гаруй уурхай нь байнга хэл ам дагуулдаг билээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг зөрчсөн, нөхөн сэргээлт хийдэггүй, ажилчдынхаа цалин хөлсийг өгдөггүй гэх мэтээр түүнийг дагасан бараан мэдээлэл олон.

Түүнчлэн уул уурхай, бусад бизнесийн салбарт хятадууд болон канадчуудтай хамтарч, заримыг нь залилсан гэх мэдээллийг ч эх сурвалжууд дурдаж байсан юм. Мөн хууль хяналтынхан, холбогдох албан тушаалтнуудыг өөрийн талд шийдвэр гаргуулахдаа гаргууд нэгэн гэдгийг ч онцолж байв.

ТУУЛ ГОЛЫГ ХЭН АВРАХ ВЭ

Туул голыг бие даасан хуультай болгож, тусгай хамгаалалтад авна хэмээн өнгөрсөн хаваржин хэвлэлээр ярьсан А.Сүхбат, М.Оюунчимэг тэргүүтэй УИХ-ын гишүүд, тэдний ажлын хэсгийнхэн одоо Туул голыг аврах ажлаа эхлүүлэх цаг нь болжээ. Туул голыг бие даасан хуультай болгохгүй л бол болохгүй нь хэмээн ярьж байсан тань үнэн л бол та нар хамтраад хуулиас дээгүүр эрхтэй, Туулаас илүү үнэтэй “Эко алтан заамар" хэмээх даварсан компанид хариуцлага тооц, лицензийг нь цуцал, тус газрыг тусгай хамгаалалтад ав.

Дээр нь ядаж хашиж байгаа албан тушаалынхаа эрх, үүргийн дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар ажлаа хийсэн шиг хийж, Заамар дахь Туул голын “бие”-ийг бүтэн үлдээнэ үү.

Бид дараагийн дугаартаа гол, усны эх бүрэлдэх газрын онцгой болон энгийн хамгаалалттай бүсэд хөрс хуулалт, олборлолт хийсэн тохиолдолд байгаль орчинд ямар хор хөнөөл учирч болохыг албаны хүнээс тодруулан хүргэх болно. Мөн Туул голыг цээжээрээ хамгаална хэмээж байсан эрхмүүдийн ирэх өдрүүдийн ажлын төлөвлөгөө, амлалтыг хүргэнэ.

Б.ЭНХ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ