"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" -ГООС 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НҮҮРС ХУЛГАЙЛСАН ЭЗЭД ХЭН БЭ

626
2018 оны 08-р сарын 30

 Л.ЭНХБОЛД: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" БОЛОН ОРОН НУТГИЙН "ТАВАНТОЛГОЙ"-Н ЗАХИРЛУУДЫГ

ШАЛГУУЛАХААР АТГ-Д ӨГСӨН


УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 60 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрс алдагдсан нь батлагдсан хэмээн өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр, Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой"-н эзэмшлийн талбайгаас нүүрс алдагдсан хэргийн талаарх Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Дөнгөж сая ажлын хэсгийн дүгнэлт миний гарт ирсэн учраас та бүхэнд мэдээлэл хийж байна" гээд дараахь мэдээллийг өгсөн юм.

Түүний ярьсныг хүргэе.

...“Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс биш, 340 мянган тонн нүүрс алдагдсаныг тогтоосон байна. Үүнийг мөнгөн дүнгээр бодвол 25 орчим сая ам.доллар буюу 60 орчим тэрбум төгрөг.Ийм хэмжээний өмч хөрөнгө Монголын ард түмний халааснаас алга болсон.

Гаалийн ерөнхий газрын шалгалтаас эх үүсвэргүй гээр гарсан 390 мянган тонн нүүрс ямар компаниар дамжиж вэ гэдгийг судлахад “Тавантолгой транс” гэлдэг компани гаргасан байна. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанитай 206 компани гэрээ байгуулж, нүүрс дамжуулан борлуулдаг. Тэдний нэг нь “Тавантолгой транс” компани. Эх үүсвэргүй гэдэг нь аль нэг аж ахуйн нэгжээс худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт байхгүй. Э Тиймээс үүнийг хэн төлөх ёстойг хууль, хяналтын байгууллага тогтоох ёстой. Уг асуудлыг эцэслэн шийдүүлэхийг Засгийн газраас Хууль зүйн сайдад үүрэг болгосон. 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүй гаргасан “Тавантолгой транс”-ын зарим нэг санхүүгийн баримтыг шалгах гэхлээр үерт явсан гэсэн тайлбар өгсөн байна. Ер нь энэ дүр зургаас харахад “Эрдэнэт”-ийн 49,51 хувийн асуудал, Монголбанкны хэрэг зэрэг хэргүүд ийм байдлаар замхардаг байж болзошгүй учраас би хууль, хяналтын байгууллагад хатуу шаардлага тавьж ажиллана.

Орон нутгийн “Тавантолгой” уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байна. Ашигт малтмалын газар,Байгаль орчны яам юу хийж байна вэ? Энэ 6 жил хянаж байх ёстой Мэргэжлийн хяналтын байгууллага юу хийж байсан юм бол? Тийм учраас эдгээр байгууллагуудыг Монголын ард түмний төлөө шударга, зарчимтай ажилладаг болгохын төлөө хатуу анхаарч ажиллана аа.

“Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниудын хоёр удирдлагыг шалгуулахаар АТГ-т өгсөн гэдгээ мөн хэлэх хэрэгтэй.

Тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нүүрсийг баталгаажуулж, нүүрсээр нь хаах гэрээг хоёр компанийн удирдлага хийсэн байсан. Тэдэнд ийм эрх мэдэл байхгүй.

Гэтэл тэр нүүрсийг төлнө өө гээд орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн удирдлага гарын үсэг зурчихсан байгаа нь маш ноцтой асуудал. Яг санхүүгийн баримтыг нь шалгахаар орон нутгийн “Тавантолгой”-н дансанд нэг ч төгрөг ороогүй байна.

Төрийн өмчит болон орон нутгийн хоёр компанийн удирдлага холбогдох байгууллагаар шалгагдаж, нотлогдоогүй байхад гэрээнд гарын үсэг зурсан байна гэдэг хамсаатнууд болж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас нүүрс хулгайлах боломж олгоно гэдэг өөрөө гэмт хэрэг.

Би дээр 390, 340 гэсэн 2 тоо хэлсэн. Гаалийн байгууллагын мэдээлэл дээрх зөрүү 50 мянган тонн нүүрс нь орон нутгийн “Тавантолгой”, “Энержи ресурс” 2-ын аль нэгний талбайгаас гарсан байх магадлалтай. Орон нутгийн “Тавантолгой” өөрөө өөрийнхөө өмчийг ч алдсан байхыг үгүйсгэхгүй.

Би УИХ-ын гишүүний хувьд ард түмний эрх ашгийг хамгаалах үүргээ л биелүүлж байна. Монголын ард түмний өмчөөс нэг төгрөгийг ч шамшигдуулж болохгүй." хэмээн ярилаа.
Түүний мэдээлэлтэй холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирлаар ажиллаж өайсан Л.Ариуболдтой холбогдож энэ талаар тодруулах гэсэн боловч чадсангүй. Түүнийг өнгөрсөн хавар их хэмжээний нүүрс хулгайгаар гаргасан байж болшүогүй гэх хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа хэмээн хэвлэлүүдээр мэдээлж байсан юм.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.