Хөвсгөлийн газрын асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандахаар боллоо

532
2018 оны 09-р сарын 24

“Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллага болон Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн хурал хамтран газар нутгийн зөрчилтэй болон ашиг сонирхол нь зөрчигдсөн Жанхайн иргэдийн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулж, нутгийн иргэдийн үгийг төрийн албан тушаалтнууд сонсож, шийдэх арга зам, гарцыг хамтдаа эрэлхийллээ.
2016 онд батлагдсан Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн болон хуулийн этгээдийн хүсэлтээр Нутгийн өөрөө удирдах байгууллага Иргэдийн хурал Ерөнхий Хяналтын сонсгол явуулахаар хуульчилсан. Энэ дагуу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын газар ашиглах, эзэмших эрх нь хөндөгдсөн Жанхайн иргэд “Хөвсгөл далайн эзэд” ТББ-д хандсаны дагуу тус төрийн бус байгууллага Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн хуралд хүсэлт тавьж Ерөнхий хяналтын сонсголыг Хатгал тосгонд анх удаа хамтран явууллаа.

 

Сонсголыг Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн хурлын дарга Даваадамдин удирдаж, сумын холбогдох төрийн албан тушаалтнууд болон Жанхай хэсгийн иргэд оролцож асуудлаа нээлттэй хэлэлцлээ. Одоогийн байдлаар БОАЖЯ Жанхайд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах 100 гаруй газрын зөвшөөрлийг олгожээ. Үүнээс 9 нь нутгийн иргэдийнх бөгөөд нэлээд олон зөвшөөрлийг нутгийн малчдын өвөлжөө хаваржааны газартай давхцуулан аж ахуйн нэгжүүдэд олгосноос энэхүү зөрчил маргаан үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Жанхайн уугуул суугуул малчдыг ч таньдаггүй Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга болон Нуурын хамгалаалалтын Захиргааны дарга гэх хоёрхон хүний дэмжсэн гэх саналаар БОАЖЯ ийнхүү газрын зөвшөөрлийг олноор нь олгож буйгаас Жанхай орчмын малчин, уугуул иргэдийн газрыг булаах, давхцуулан газар олгох зэрэг зөрчил үүсч нутгийн иргэдийн эрх ашгийг хохироож байгаа талаар Жанхайн Адагт нутагладаг Сумын сайн малчин Д.Чулуунбаатар, Жанхайн Тарвага таш гэдэг газар үйл ажиллагаа явуулж ирсэн иргэн Шоовдор нар ярьж байна.

Ийнхүү Хатгал тосгонд анх удаа болсон Ерөнхий хяналтын сонсголоос Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт иргэн , аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалтаар газар олгохдоо ганц Алаг-Эрдэнэ сумын ЗД болон Нуурын хамгаалалтын захиргааны даргын саналыг үндэслэж буйг өөрчилж Хатгал тосгоны иргэд болон сумын Иргэдийн хурлын саналын үндэслэн газрын зөвшөөрөлд олгодог болох шаардлагатай гэж үзлээ. Тиймээс Ерөнхий хяналтын сонсголоос Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн хурал хурал дүгнэлт гаргаж, нутгийн 800 иргэний гарын үсэг бүхий өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ