ДАЛАЙ ЭЭЖИЙН ЭНГЭРТ ГАЗРЫН НАЙМАА ЦЭЦЭГЛЭЖ БАЙНА - 2

211
2018 оны 11-р сарын 04

 ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ

БОАЖ-ЫН САЙД НАРЫН БИЗНЕС ҮҮ?

 
Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт БОАЖЯ-ны зөвшөөрөлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа 117 компанийн жагсаалт гаргажээ. 2002 оноос хойш  эхэлсэн энэ жагсаалтаас харахад газар олголт жилд 6-7-аас хэтэрдэггүй байсан бол 2014 оноос эрс нэмэгдэж 50-60-аар нь зөвшөөрөл олгож эхэлжээ. БОАЖ-ын сайд бол улстөрийн албан тушаалтан. Тиймдээ ч энэ хугацаанд Засаг солигдох бүрт сайд нар шинэчлэгдэн 8 сараас 4 жил хүртэлх хугацаанд судалгаа тооцоогүй замбараагүй  газар олгож байсныг доорх баримтыг харж болно.
Байгаль орчны үе үеийн сайд нараас хамгийн олон газрыг  зөвшөөрлийг  Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Байгаль орчны сайдын албыг хашиж байсан  Д.Батцэрэг олгожээ. Тэрбээр 10-хан сар сайдаар ажиллахдаа 38 тушаалд гарын үсэг зурж, хамгийн их буюу 160 га газрыг олгожээ. Энэ нь Хөвсгөл нуурын эрэг дагуух тусгай зөвшөөрөлтэй нийт 364 га газрын 52 хувьтай тэнцэж байна.
БОАЖ-ын сайд У.Барсболд:  2004-2007 онд  3 жил 2 сар сайдаар ажиллахдаа 10 зөвшөөрөл буюу 28.41 га газар
БОАЖ-ын сайд Г.Шийлэгдамба: 2007-2008 оны хооронд 10 сар ажиллахдаа 7 зөвшөөрөл буюу 19.2 га газар
БОАЖ-ын сайд Л. Гансүх: 2008-2012 онд 3 жил 11 сар ажиллахдаа 14 зөвшөөрөл буюу 93 га газар
БОАЖ-ын сайд С.Оюун: 2012-2014 оны хооронд 2 жил 2 сар ажиллахдаа 9 зөвшөөрөл буюу 34.4 га газар
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: 2014-2015 онд 8 сар,  2016-2017 онд 1 жил 2 сар нийт 1 жил 10 сар ажиллахдаа нийт 6 зөвшөөрөл буюу 62 га газар тус тус олгожээ.
Байдал өнөөдөр ийм л байна. БОАЖЯ бол Ерөнхий чиг үүргийн яам. Энэ утгаараа бүх салбарын үйл ажиллагаанд хамааралтай байж  байгаль орчноо  хамгаалах үүрэгтэй. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгаа хамгаалах, байгаль орчны зохист байдлыг нь хангах, даацыг нь хэтрүүлэхгүйгээр зөв зохистой ашиглуулахын оронд ашиг хонжоо, бизнесийн нүдээр харж, мөнгөтэй, хөрөнгөтэй, эрх мэдэлтэйд нь ийнхүү хэдэн арван га-гаар нь газар олгож байна. 4-5 жилийн өмнө Геоэкологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Хөвсгөл нуурын Байгалийн цогцолбор газрын 70462 га талбайд 50 орчим жуулчны бааз байрших даацтайг тогтоож байжээ.
Гэтэл өнөөдөр зөвхөн Жанхай орчмын жаахан газарт даацыг нь 2 дахин нэмэгдүүлэн зөвшөөрөл олгож,  34 жуулчны бааз, 40 гэр буудал аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн ихэнх нь улс төр, бизнесийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүд болон тэдний гэр бүлийн мэдэлд байна.
Баримт 1: Хөвсгөл далайн баруун эрэг. Доод модот булан “Ашихай” жуулчны бааз. АМГ-ын дарга асан Д.Батхуягийнх.
БОАЖ-ын сайдын 2007 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 116 тоот тушаалаар 9.41 га газрыг анх олгожээ. Ашихай бол Хөвсгөл далай дахь анхны жуулчны баазуудын нэг. Биднийг очиход газрын хэмжээ нь бараг 2 дахин томорчээ. Асууж сураглавал  хажуудах кемпийнхээ газрыг тохиролцон авч БОАЖ-ын сайдаар А/293 тоот тушаалаар 10 га газрын тусгай зөвшөөрлийг нэмж авчээ. Одоогоор ноён Батхуягийн эхнэрийн нэр дээрх Ашихай жуулдчны бааз 19,41 га газартай.
Баримт 2: Хөвсгөл далайн баруун эрэг. Алагцарын голын ам. “Эртний далай” жуулчны бааз. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяагийнх. Нийт 8 га газар.
БОАЖ-ын сайдын 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 258 тоот тушаалаар тусгай зөвшөөрөл олгосон.
Баримт 3: Хөвсгөл далайн баруун эрэг. Мэргэн уул. “Далай ээж” жуулчны бааз. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийнх. Нийт 20 га газар. БО-ны сайдын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 108 тоот тушаалаар 20 га газрын тусгай зөвшөөрөл олгосон.
Баримт 4: Хөвсгөл далайн баруун эрэг. Хар усны рашаан дахь 8 га газар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийнх. БОАЖ-ын сайдын 2011 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А 232  тоот тушаалаар “Глобал мост” компанийн нэр дээр 8 га газар олгожээ.
Энэ газарт аялал жуулчлалын чиглэлээр тусгай зөвшөөрөл аваад7 жил үйл ажиллагаа  явуулаагүй байна. Уг нь тухайн газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил үйл ажиллагаа  явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах  хүртэл хуультай. Гэвч бичиг баримтыг нь ч дутуу хагас бүрдүүлсэн энэ газрын тусгай зөвшөөрөл одоо хүртэл хүчин төгөлдөр хадгалагдаж байна.
БОАЖЯ Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар олгохдоо зөвхөн эдийн засгийн шалгуурыг  тавьдаг. УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх Байгаль орчны багц хуулийн хүрээн дэх  тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох асуудалтай холбоотой  давхцал, хийдэл, цоорхойг зохицуулах гэж байгаа. Гэтэл энэхүү хуулийн төслөөр Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгаруулалтаар шалгаруулж, тусгай зөвшөөрөл олгох саналыг оруулж байгаа. Хэрэв энэ хэвээр батлагдвал  Хөвсгөлийн жирийн малчид, уугуул иргэд Хөвсгөл далайнхаа эрэгт амьдрах эрхгүй болно. Цаашлаад Хэнтий, Завхан, Өмнөговь зэрэг бусад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг тусгай хамгаалалттай газар нутагт амьдран, аж төрж буй малчдыг ч Хөвсгөлийнх шиг хувь заяа хүлээж байна.
Хууль Монгол улсын иргэн бүрт тэгш үйлчилэх ёстой. Мөн Монгол Улсын иргэн бүр амьдрах газраа өөрсдөө сонгох эрхтэй. Тэртусмаа хэдэн зууны тэртээгээс өргөн уудам газар нутгаа малынхаа хөлөөр тамгалж, хил хязгаар газар нутгаа сахин хамгаалж ирсэн малчдын хувьд амьдран суугаа газартаа эзэн байх эрхтэй. Гэвч эрх мэдэлтнүүд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн ярьдаг атлаа яг амьдрал дээр малчдыг эдийн засгийн чадваргүйг нь ашиглан идээшиж дассан нутаг орноо орхин явахаас өөр сонголтгүй болгож байна. Харин мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст бол хууль зөрчөөд ч хамаагүй Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийг нь өөрчлүүлээд хүссэн газраа өөрийн болгодог шударга бус хуйвалдааны золиос Хөвсгөл далай маань болж байна.
Баримт: Борсого, Анжигас, Той, Турагийн гол. Энэ хэсэг газар 2014 оноос өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн Онцгой бүсэд хамаардаг байлаа. Хуульд зааснаар ийм бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байшин барилга барих нь байтугай машин тэрэгтэй явж, их дуу чимээ гаргахыг ч хориглодог. Учир нь энэ бол хүний хөл хүрэмгүй онгон дагшин, зэрлэг ан амьтан элбэгтэй газар. Гэтэл Монголчууд бидний эчнээ таньдаг “Баян” Базар гэх уул уурхайгаар баяжсан мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхэмд энэ газрыг олгохын тулд БОНХ-ийн сайд С.Оюун Анжигасын амыг Онцгой бүсээс хэсэгчилэн гаргах нууц тушаалдгарын үсэг зурсан байдаг. С.Оюун сайдын гаргасан А/90 тоот энэ тушаалын бүрэн эхийг харсан үзсэн хүн  олддоггүй.  Зөвхөн онцгой бүсээс гаргасан газрын зураг нь л Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт байна.   Одоо Анжигас гэх энэ газарт Баян Базарын “Агата ресорт” гэх өлсгөлөн нохдоор мануулсан өндөр хана хэрэм бүхий жуулчны бааз байгуулагдаж, томчуудад нээлттэй борчуудад хаалттай нууц байдалтай үйл ажиллагаа явуулж байна.\
Баримт: Хөвсгөлийн зүүн эрэг. Анжигасын ам. “Агата ресорт” жуулчны бааз. БОНХ-ийн сайд С.Оюун 2014 оны А 220 тоот тушаалаараа 14,8 га газрыг олгожээ.
Өнөөдөр Далай ээжийн эрэг дагуух Хатгалаас Чөчү хүртэлх газар ийнхүү аялал жуулчлалын тусгай зөвшөөрөл нэрийн дор машин эргэх зайгүй, малаа бэлчээх газаргүй болтлоо хэдэн арван га-гаараа эзэнтэй болоод байна. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газрын 2015-2020 он хүртэлх менежментийн төлөвлөгөө ёсоор тун удахгүй үлдсэн хэсэгхэн газар буюу Оёгоос-Ханх, Ханхаас -Борсого хүртэлх газарт сонгон шалгаруулалт нэрийн дор өндөр зэрэглэлийн 10 орчим жуулчны бааз байгуулахаар төлөвлөжээ.
Далай ээж шаналж байна. Энгэр заамыг нь сэндийчэн, хөлөөс нь эхлэн тасдан хувааж, эдүгээ толгой руу мацан, Далай ээжийн тэргүүнийг цаазын тавцан бөхийлгөж эхэллээ.  Далай ээжээ аврах уу, алах уу.
Хөвсгөл нуурын эрэг дагуух  газар олголтын талаар сэтгүүлч Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ сурвалжиллаа.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ