Н.Дэмбэрэл: Үндэсний язгуур мөн чанар гэж юу вэ гэдэг судалгаа хийж байна

93
2018 оны 12-р сарын 06

“Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын хүрээнд “Монгол Улсын брэндинг”-ийн талаар ярилцлага, хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Засгийн газар дэргэдээ зөвлөл байгуулж, энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн. Та бүхний ажил ямар шатандаа явж байна вэ?

-Өнгөрсөн 20 гаруй жилд гадаад орчинд өөрийгөө тодорхойлдог бодлогогүй явж ирсэн. Анх удаа Монгол Улс Засгийн газар Ерөнхий сайдын дэргэд Үндэсний брэндийн бодлогын зөвлөл байгуулан ажиллаж байна. Бид экспортыг дэмжих, гадны хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгаа. Экспортыг дэмжих хүрээнд хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлох, олон улсын зах зээлд хэрхэн гаргах, аялал жуулчлалын салбарт дэвшил гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хүнээс хамаардаг эдийн засгийн салбарыг гадаадад экспортлох гэсэн үндсэн чиглэлийг барьж байна. Ялангуяа, кино, жүжиг, дизайн гэх зэргээр зөөлөн хүчний бодлогоо дэмжих хэрэгтэй.

Одоогоор ажлууд судалгааны түвшинд явж байна. Өнгөрсөн 25, 26 жилд хийгээгүй ажлыг эхлүүлж байгаа учраас судалгааг сайн хийх хэрэгтэй. Өөрсдийнхөө хаана байгааг, улс үндэстнийхээ мөн чанарыг зөв тодорхойлж, юу хийх вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр дараагийн ажлууд хийгдэнэ.

-Энэ чиглэлд Засгийн газраас гурван тулгуурт бодлого явуулж байгаа гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Өмнө нь хэд хоногийн настай Засгийн газар гарч ирээд юу хийх нь мэдэгддэггүй байсан. Зарим нэг Ерөнхий сайд нь мөнгө олоод зам тавьчих юм шиг хандаж ирсэн. Эхлээд Монгол Улс яг ямар ажил хийх ёстой юм гэдгээ тодорхойлж төлөвлөх ёстой. Ингэхийн тулд гурван тулгуурт бодлого гаргасан. Нэгдүгээрт хүнээ боловсруулах, хоёрдугаарт хууль эрх зүйн шинэчилж төрийн тогтвортой байдал, залгамж халааг бий болгох гуравдугаарт эдийн засгийн өсөлтийг хангах гэсэн бодлогод суурилж байна.

-Монгол Улс Үндэсний брэндээ тодорхойлоогүй байна гэж ойлгож болох уу?

-Тодорхойлоогүй байна. Өмнө нь бид өөрсдийгөө олон янзаар тодорхойлж ирсэн. Түүнийг нь гадаад хүмүүс хэрхэн ойлгодог юм бол, бид өөрсдийгөө юу гэж ойлгодог юм гээд тодорхойгүй зүйлүүд олон бий. Тиймээс эхний ээлжинд эдгээрийг нэг мөр шийдэх шаардлага байна. Ингэхгүйгээр ямар нэг ажил эхлэхэд хүндрэлтэй. Тиймээс судлаач, эрдэмтэд, олон нийтийн оролцоотой эдгээр асуудлаа шийдэж нэг талдаа гаръя гэж байгаа.

-Гадаад судалгааг яаж хийх вэ?

-Дотоод, гадаад хоёр судалгаа хийх ёстой. Гадаад судалгааг олон улсад салбартай судалгааны байгууллагаар хийлгэнэ. Дотоод судалгааг дотоодын байгууллагуудаа ашиглаж хийнэ. Зарим судалгааг хийлгээд явж байгаа.

-Ямар судалгаа эхэлчихсэн яваа юм бэ?

-Үндэсний язгуур мөн чанар гэж юу юм бэ гэдгийг гаргаж байгаа. Одоохондоо ажлын түвшинд явж байгаа учраас тодорхой ярих боломжгүй байна. Цаг нь болохоор үүнийг зарлана. Түүнээс өмнө хийх бэлтгэл бий.

Ц.Жаргал 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.