Б.ГАНХУЯГ: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон зарлаж байна

72
2019 оны 01-р сарын 08

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд 2018 оныг батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлсэн онцгой сайхан жил болгон үджээ. Түүхэндээ 45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсноор улсдаа дахин тэргүүллээ. Мөн 1.86 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Цэвэр ашиг 670 тэрбум төгрөгт хүрч гадаад, дотоодод ямар ч өр төлбөргүй болжээ.

Монгол Улсын төрөөс Тавантолгой ордыг цогцоор нь хөгжүүлэхээр шийдвэрлэж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж, дагалдах томоохон төслүүд болох төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлж, үргэлжлүүлэх түүхэн үүргийг хүлээсэн хариуцлагатай жил болгож үджээ.

Мөн 2018 онд компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг бий болгох хүрээнд багагүй ажлыг амжууллаа. Төрийн өмчит компаниудаас анх удаа дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөлийг байгуулж, мэдээллийн нээлттэй байдлыг бий болгосон бол нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, шинээр сургууль, цэцэрлэг барих, зам талбай тохижуулах, ногоон хэрэм, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна.

Компани 2018 онд 2.511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэснээр албан ёсоор хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болсон төдийгүй иргэдийг байнгын мэдээллээр хангах 1072 хувьцаа мэдээллийн төвийг байгуулж, 9 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт ажиллан, давхардсан тоогоор 1.25 сая иргэнийг мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

Харин шинэ оноо 2019 оныг "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хамт олон " "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж байна.

2019 онд олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төмөр зам, авто зам барьж, нүүрс угаах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамжийн төслөө үргэлжлүүлж, Эрдэнэсээр овоглосон шинэ хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлж, Монгол хүн бүрийн санхүүгийн нэрийн хуудас болох алхмаа урагшлуулна.

Түүнчлэн олборлолт хүчин чадлаа 18 сая тонн-д хүргэж, уурхайн ажилчдын хотхон, оффиссын барилга, зам талбай, сургууль, цэцэрлэг шинээр барьж, өөрсдийн техник, тоног төхөөрөмжтэй болж, Говийн ногоон хэрэм төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын утааг бууруулахад эрс өөрчлөлт авчрах шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн байгуулж, нүүрс тээврийн жолооч нарт зориулсан төвүүдийг бий болгон, бизнесийн бүхий л салбарыг дэмжсэн олон ажлуудыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тиймээс 2019 оныг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд их бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэ түүхийн хуудсыг нээсэн жил болгож "Хамтдаа сайхан түүх бүтээцгээх"-ийг "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, тус компанийн гүйцэтгэх захирал Б.ГАНХУЯГ уриалжээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ