ХУВЬЧЛАЛ НЭРТЭЙ СҮҮНИЙ ӨРМИЙГ ХЭН ХАМСАН БЭ?

155
2019 оны 03-р сарын 01

 Манай улсын эрх баригчид ардчилсан тогтолцоонд шилжсэн даруйдаа төрийн өмчийг хувааж авахад анхаарчээ. Тухайн үеийн эрх баригчид улсын өмч хөрөнгийг тоолж, тооцож үзэхэд Монголын нэг иргэнд 10 мянган төгрөгийн өмч ногдож байжээ. Тэр үеийн 10 мянга гэдэг маааш их мөнгө. Нэг төгрөгөөр 10 ширхэг хатуу чихэр, 35 төгрөгөөр гутал авдаг байсан гээд бод л доо. Иргэн бүрээ өмчтэй, баян болгож, ардчиллын ач буяныг үзүүлнэ гэж тооцсон Улсын бага хурал 1991 оны 5 дугаар сарын 22-нд БНМАУ-ын өмч хувьчлах тухай хууль баталж, Улсын бага хурлын дарга Р.Гончигдорж, Б.Чимэд нар гарын үсэг зуржээ.

 

 

Ингээд хүн бүрт 7000 төгрөгтэй тэнцэх цэнхэр тасалбар нэг ширхгийг, 1000 төгрөгтэй тэнцэх ягаан тасалбар 3 ширхгийг тарааж, “Үүгээр үйлдвэртэй бол. Улсын үйлдвэр одоо таных боллоо” гээд ухуулчихсан. Хөөрхий хувьцааны талаар “А” ч үгүй, хувьдаа үйлдвэртэй байтугай үнээтэй байж үзээгүй монголчууд түүнийгээ янз бүрийн байдлаар алга болгосон доо. Олонх нь зарчихсан. Бусдаасаа арай илүү юм үзсэн, үнэгэн захтай пальто өмссөн цөөн хэсэг нь ягаан, цэнхэр тасалбарыг нь ядах юмгүй авчихсан юм даг. 7000 төгрөгийн тасалбараа 4000-аар, 1000-ын ягаанаа 500 төгрөгөөр авч байв. Цэнхэр нь их хувьчлалынх. Түүгээрээ зарим нь “Гутал”, “Говь”, “Улаанбаатар хивс” гээд томоохон үйлдвэрийн хувьцаа авсан ч түүнээс хойших гурав дөрвөн жилд өнөөх үйлдвэрүүд нь ихдээ л 10 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Тэгээд л таг чиг.

 Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байгаагүй тэр үед мал, орон сууц хувьчлахад ард түмэн их баярласан. Энэ бол үнэн. Тэртэй тэргүй өвөг дээдсээс нь комун хамтрал, нэгдэл нэрээр булааж авсан малыг нь ард түмэнд эргүүлээд өгсөн. Тэгэхээр баярлаад байх юм байхгүй, уг нь. Харин ч азарга азаргаар нь адуугаа, суурь сууриар нь хонио нийгэмчилсан Итгэлтүүдэд ердөө саалийн ганц үнээ л хувьчилсан ш дээ.

 Борчуудыг ингэж башийлгаад араар нь ардчиллынхан үйлдвэрүүдийг сэмхэн дээрэмдчихсэн юм. Үүнийг ард түмэн тэр үед анзаараагүй. Сүүлд ойлгосон. АН-ын хараацайнуудын нэг Н.Золжаргал 2010 оны 8 дугаар сарын 26-нд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Өдрийн сонин”-ы 202 дугаарт ярилцлага өгөхдөө “…орон сууц, мал, үйлдвэрүүдийг түргэн хугацаанд хувьчлах нь зүйтэй гэж үзсэн. Бичиг баримтаа боловсруулаад Засгийн газарт оруултал маш түргэн хугацаанд батлагдсан” гэж ярьсан байдаг. Өмч хувьчлах зорилгоор тэр үед Хөрөнгийн бирж байгуулсан түүхтэй. 1991 оны 1 дүгээр сард байгуулагдсан Хөрөнгийн биржийн даргаар Н.Золжаргал ажиллаж байлаа. Өмч хувьчлахад гар бие оролцсон гэсэн үг.

 Хувьчлахын тулд улсын үйлдвэрийн газруудыг ХК болгосон юм. Ингээд 1992-1995 оны хооронд улсын 475 үйлдвэрийг ХК хэлбэрт шилжүүлжээ. Эдгээр компани нийтдээ 212 сая ширхэг хувьцаатай байв. Үүнээс 8 тэрбум 200 сая төгрөгийн үнэ бүхий 96 сая ширхгийг нь иргэд цэнхэр тасалбараараа сольж авчээ. Нэг ширхэг хувьцааны үнэ 100 төгрөг. Дээрх бүх үйлдвэрийн бүх хувьцааны нийт үнэлгээ 22 тэрбум төгрөг.

 1996 оны УИХ-ын сонгуульд МСДН, МҮАН-аас бүрдсэн “Ардчилсан холбоо” эвсэл ялснаар хувьчлал дахиад үргэлжилж, тэр үеийн мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхөд Монголын өнгөтэй өөд бүхнийг хамсан билээ. 1996-2000 онд Ардчилсан холбооныхон өөр зуураа толхилцон, засгаа ээлжлэн унагаж байсан атлаа хувьчлал гэдэг ганц зүйл дээр санаа нэгтэй байсан. Үүнээс хойш олон удаа хувьчлалын асуудал яригдсан, явагдсан. Гэхдээ энэ үед л өрмийг нь хамчихсан билээ.

 Эх сурвалж: udriinsait.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing