“САХАЛ” ЭРДЭНЭБИЛЭГИЙН БАРИВЧИЛГАА ХУВЬЧЛАЛ НЭРТЭЙ ХУЙВАЛДААНУУДЫГ ИЛЧЛЭХ ЭХЛЭЛ ҮҮ

352
2019 оны 03-р сарын 06

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн дэлгэсэн “Эрдэнэт”-ийн хувьчлалтай холбоотой дэлгэсэн ноцтой баримтыг үндэслэн ЭЦГ-аас баривчилгаа явуулж эхэллээ. Өнөөдөр баривчлагдсан “сахал” Эрдэнэбилэг гэх нууц ноёнтныг эзэмшиж буй банк, компани, ордуудаар нь Монголын хамгийн баян хүн, хамгийн том бизнесмэн мэт ойлгодог. Гэтэл түүнд өнөөдрийг хүртэл бүтээн байгуулсан,үүсгэн бий болгосон өөрийн гэх компани, аж ахуйн нэгж, үндэсний гэх үйлдвэрлэл юу ч байдаггүй. Харин сүүлийн хэдхэн жилийн дотор Монголын үндэсний гэх хамгийн том том компаниудыг хувьчлал нэрээрээр шилжүүлэн авсныг“Эрдэнэтийн 49 хувийн” хэргээр нь цагдаагийнхан баримтжуулан ил гаргаж, анх удаа энэ хүнийг Монголын хууль хяналтынхан баривчлан шалгаж эхэллээ. 

 

 


Албан ёсоор бол Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэх албан тушаалтай “сахал” Эрдэнэбилэг гэж хэн бэ?


УИХ-ын гишүүн асан, Ми.Энхболдын “хотын фракц”-ийн гол төлөөлөл Бадамжунайгийн хүргэн гэгддэг Д.Эрдэнэбилэгийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн хэмээн ярьдаг. Ийнхүү холбогдох болсон нь 1990 оны үеэс эхтэй аж. Тэрбээр 1990-ээд оноос “Женко” групын ерөнхийлөгч байх үед нь ойрын хүрээлэлд нь орж, жолоочоор нь ажилладаг, хамгийн итгэлтэй хүн нь байж. Гэвч Х.Баттулгыг гадагш яваад ирэх хугацаанд нь Х.Баттулгын мэдлийн ХХБ-ийн 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ын даргын суудлыг эзлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд багтан, дотных нь хүн болсон түүхтэй аж. Тиймдээ ч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш МАНАН бүлэглэлд орж, улс төр, бизнесийн хуйвалдаан, хулгайгаар төрийн мэдлийн томоохон обьектуудад эзэн сууж эхэлжээ. Ингэснээр тэрбээр улс төрийн нам бүлэглэлийг хэрэн сүлжсэн МАНАН-гийн сүлжээний бизнесийн гол зохицуулагч болсныг ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН дараах түүхээс харж болно. “Сахал” Эрдэнэбилэгийн эзэмшилд орсон үндэсний том компаниудыг хувьчлалыг сөхөн үзвэл бүгд дээрх хүмүүсийг эрх мэдэлтэй байсанцаг үетэй шууд холбогддог аж. Тухайлбал:

 


1. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”

 


Монгол улсад ганц байдаг хамгийн том энэ төмөрлөгийн үйлдвэрийг 2014 онд 30 жилийн хугацаатай концессын гэрээгээр өгсөн. Ганц үйлдвэр төдийгүй энэ үйлдвэрийн мэдэлд байсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой “Төмөртэйн” ордыг хамтад нь эзэмшүүлсэн. Ингэснээр “сахал” Эрдэнэбилэг ганц үйлдвэрийг бус бүхэл бүтэн стратегийн ордыг давхар эзэмших эрхтэй болжээ. Үйлдвэрийг анх өгөхдөөзориулалтаар нь ашиглаж, улсын эдийн засагт болон барилгын салбарт том хувь нэмэр оруулсан үндэсний компани болгох болзолтойгоор зорилготой гэж байсан. Гэтэл одоо энэ үйлдвэрийг зориулалтаар нь ашиглахаас илүүтэй “бэлэг” болгон дагалдуулж авсан Төмөртолгой, Төмөртэй, Хуст-Уулын төмрийн хүдрийн ордын хамаг баялгийг Хятад руу зөөхөд илүү анхааран ажиллаж байгаа. Үйлдвэрийг “хувьчилсан”2014 онд Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол, УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг /2012-2014/ ажиллаж байсан.

 

 


2. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр

 


Социализмийн үеийн барилгын материалын хамгийн том үйлдвэрүүдийн нэг байсан энэ үйлдвэрийг 2013 онд хувьчилсан. Энэ хувьчлалаар мөн Хөтөлийн шохойн ордыг хамтад нь хувьчилсан. Энэ хувьчлалыг хийх үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг нар ажиллаж байсан.

 

 


3. Улаанбаатар санг “хувьчилж” Улаанбаатар банк болгосон түүх

 


Нийслэлийн засаг дарга асан Ж.Наранцацралт агсан “Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод гадаадын аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос” бүрдэх Улаанбаатар санг 1997 онд байгуулжээ. Түүний дараа 1998 Нийслэлийн Засаг даргаар М.Энхболд томилогдсоноор Улаанбаатар санг 2000 онд Улсын Үйлдвэрийн газар, 2002 онд Хязгаарлагдмал Хариуцлагатай компани (ХХК) болгон өөрчилж, улмаар нийслэлийн, орон сууц болон дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, тодорхой хөтөлбөр төслийг санхүүжүүлэхзорилгоор Улаанбаатар хотын банкийг байгуулжээ. 2006 оны аудитын тайлангаар Улаанбаатар банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг 1.6 тэрбум төгрөгхэмээн үнэлж байжээ. Нийслэлийн хөрөнгийн эх үүсвэрээр бий болсон Улаанбаатар банк 1999 онд 20 сая, 2000 онд 96 сая, 2001 онд 87 сая, 2003 онд 183 сая бүгд 465 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь тухайн үедээ үндэсний компани, бусад банкуудын хувьд зүүдэндээ ч мөрөөдөхөөргүй их ашиг байлаа. 2003 оноос “сахал” Д.Эрдэнэбилэг Улаанбаатар банкинд нөлөөгөө тогтоосоор эдүгээ 99,9 хувийг эзэмшдэг хувийн банк болгон авсан бололтой.



4. “Монголросцвет” нэгдэл

 


Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус хувьчлалын хамт Монголын уул уурхайн салбарт жинтэй байр суурь эзэлдэг“Монголросцветмет” компанийг хамт хувьчлагдсан гэдгийг хүмүүс төдийлөн анзаараагүй. “Монголросцветмет” нь Монголын төдийгүй олон улсын жоншны салбарт олборлолт, экспортоор тэргүүлэгч компани бөгөөд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийг эзэмшдэг. Бүтээгдэхүүнээ ОХУ, АНУ, Тайланд, Тайваньд гаргадаг олон улсын зах зээлд өрсөлддөг компани юм. Мөн төмрийн хүдрийн нөөцтэй Баргилтын орд, алтны нөөц бүхий Зэрэгцээ ордыг эзэмшдэгээс гадна тус компанийн нэр дээр алт, мөнгө, жоншны нөөц бүхий ашиглалтын 29 лиценз, хайгуулын 2 лиценз бүртгэлтэй байдаг. Үүнээс хамгийн том нь Асгатын мөнгө, холимог металлын орд юм. Энэ орд нь Монгол Улсын Стратегийн 15 ордын нэг бөгөөд ТЭЗҮ зэргийг нь хийсэн, шууд ашиглах боломжтой “бэлэн хоол” юм. Үүнийг мөн “сахал” Эрдэнэбилэгийн бүлэглэл хувьчлан авсан байдаг.

 


5. Багануурын нүүрсний уурхай

 


Улаанбаатар хотын ДЦС-3, ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 40 гаруй жил нүүрсээр хангаж ирсэн Багануурын уурхайг “Алтайн гянт” гэх компани авахаар олон жилийн турш улайрсан.  “Алтайн гянт” компанийн ард ХХБ-ны охин компани “Монголын Зэс корпораци” байдаг. Учир нь Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч “Монголын Зэс корпорацийн” гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мөн “Алтайн гянт” компанийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашдаг байжээ.

 


УИХ 2007 онд Монгол Улсын Стратегийн ач холбогдолтой 15 ордын жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтад байдаг 15 ордоос стратегийн хамгийн чухал таван том орд нь ийнхүү “сахал” Эрдэнэбилэг гэх ганц хүний мэдэлд байна. Энэ нь “хулгай”, “хуйвалдааны” гэмт хэрэг гэхээсээ илүүтэй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм. Зөвхөн орд газрууд төдийгүй банк бол Монгол Улсын стратегийн гол салбарын нэг хэмээн УИХ-аас баталсан. Гэтэл хэн ч үл таних, ямар аргаар мөнгө олдог нь ч тодорхойгүй, “сахал” гэх хочноос өөр тодорхойлолтгүй нэгэн нөхөр ийнхүү стратегийн салбаруудад маань эзэн суусан нь зөвхөн Цагдаагийн байгууллагад хамааралтай “гэмт хэрэг” биш ҮАБЗ-ийн ч анхаарлыг татах асуудал юм. Тиймээс “Эрдэнэтийн” хувьчлалтай холбоотой өнөөдөр болсон баривчилгаа бол зөвхөн Эрдэнэтийн асуудал биш бөгөөд Монголын төр, засаг цаашид стратегийн орд, салбарууддаа эзэн байж чадах эсэхийг шийдэх шийдвэрлэх тулааны эхлэл болж магадгүй юм. Ямартай ч өнөөдөр манай цагдаагийнхан “сахал” Эрдэнэбилэгийн гэх улс төр, бизнесийн бүлэглэлийн сүлжээ рүү анх удаа зориглон халдаж чадлаа. Харин цаашид энэ хэрэг цаашид хэрхэн шийдэгдэх нь Прокурор, Шүүхийнхнээс шууд шалтгаална. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлсэнчилэн, Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгалан гэх хүн ажиллаж байгаа цагт “МАНАН-гийн сүлжээг” эцсийн боломжоо дуустал АТГ-ын дарга Х.Энхжаргал шиг үхэн хатан хамгаалсаар байж мэдэх юм. Гэхдээ Улсын Дээд шүүхийн шүүгчээс эхлээд Монгол Улсын экс Ерөнхийлөгч, улс төрд өнөөдөр ч нөлөөтэй байгаа нэр бүхий улстөрчид энэ хэрэгт холбоотой байх магадлал өндөр. Тиймээс энэ хэргийг эхэлсэн шигээ зоригтой дуусгаж чадах эсэхэд төр, засгийн эрхийг барьж буй МАН-ын дарга У.Хүрэлсүх болон түүний багийнхны шийдмэг шинэчлэлүүд ч нөлөөлнө. МАНАН бүлэглэлийн мөнгөний сүлжээнд нэвтрэх анхны алхам ямар ч болов амжилттай эхэллээ. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг олон нийт анхааралтай хүлээж байна.

 

Д.Явуухүү 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
testing