АН-ЫН ДАРГА "АРСЛАНГИЙН" ЗАНГАНД ОРСОН УУ

544
2019 оны 03-р сарын 15

Хэдэн жилийн өмнө Монголд шөнийн 00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон хууль үйлчилж байхад зарим шөнийн цэнгээний газар удаа дараа хуулиа зөрчиж тусгай зөвшөөрлөө цуцлуулж байсан. Гэвч нэг их удалгүй нээгдэн ажиллаж олон нийтийн дургүйцлийг хүргэдэг байлаа. Зөвхөн “Брикс” баарыг хаахад цагдаагийн том албан тушаалтан, дүүргийн прокурор нар зүй бусаар нөлөөлж нээлгэж байсныг ч дурдсан “Харанхуйн сүүдэр” нэртэй нийтлэлийг /https://www.topmedee.mn/newsprint/15577/ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр одоо ч уншиж болно.
Энэ нийтлэлд “Хууль зөрчиж, нууцаар үйл ажиллагаа явуулж буй бүхний ард хууль бус үйлдэл нуугдаж байдаг. Архидалт, хар тамхи, самуурал”. …Хууль бус мөнгө угаалт, хар тамхидалт, мансуурал гэгээн цагаан өдрөөр бус шөнийн цагаар л харанхуйн сүүдэр болон гарч ирдэг” талаар онцгойлон дурдсан байдаг.
Энэ шөнийн цэнгээний газарт зодоон цохион байнга гарч цагдаагийн дуудлага өгөх нь олон байсны нэг жишээ нь АН-ын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Баттүвшин гэгч залуу бусдад энэ газарт зодуулсан явдал. Энэ залуугийн эцэг нь УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин бөгөөд сүүлд “Мон-Атом” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан. Канадын “Хан ресурс” компанийн эзэмшиж байсан ураны лицензийг хүчингүй болгосноос үүдэн Монгол Улсын Засгийн газар 100 гаруй сая ам.долларын өр төлбөрт унаж байсан. Үүнээс гадна асуудал дагуулсан БНХАУ-ын “Шинь Шинь” компанид Дорнод аймаг дахь холимог металлын орд бүхий талбайг эцэг, хүү нар өөр компанийн гарын үсгийг хуурамчаар зурж авах замаар зарсан гэх “Азиа далай фарист” компанитай холбогдох маргаанд 2013 онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 148,4-т зааснаас хэрэг үүсгэн шалгаж байлаа. Бараг 2 жил үргэлжилсэн энэ хэргийг тухайн үедээ 5 удаа сэргээж, 6 удаа хэрэгсэхгүй болгосон гэдэг. Б.Баттүвшин нь хар тамхи хэрэглэж баригдсан, мөрийтэй тоглодог гэдгээрээ нэг хэсэг хэвлэлийн хуудсаар цоллуулж байсан бөгөөд хамгийн сүүлд нууц байранд мөрийтэй тоглож байгаад АКА буу, хутгаар зэвсэглэсэн этгээдүүдэд мөнгөө дээрэмдүүлж хутгалуулсан, хамаг бүхний харанхуйн сүүдэр болсон “Брикс” баарны үйлчлүүлэгчдийн нэг нь ажээ.

Нэг хэсэг хар бараан зүйлээрээ мандан бадарч байсан “Брикс” хэмээх энэ баарны эзнийг Б.Мандахбаяр гэдэг. Тэрбээр МИАТ-ын “дайны эрсдлийн сан” гэх нэрээр 7 сая ам.доллар буюу 9,3 тэрбум төгрөг Хонгконг дахь хувийн компанийнхаа данс руу шилжүүлж МИАТ компани болон улсаас завшсан, мөнгө угаасан хэргээр ял авсан МИАТ-ын Б.Эрдэнэбилэгийн дүү аж. Түүний баруун гар, туслахаар нь Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Э.Өлзийбаяр гэх залуу ажиллаж олсон ашиг, орлогыг нь зохицуулагч залуусынх нь нэг байсан гэдэг. Тус бааранд бодибилдингээр хичээллэдэг залуучууд, богино банзалтай загварын агентлагийн охидуудыг авчирч, үйлчлүүлэгч татах сурталчилгааг тэд нар хийдэг байсан гэх бөгөөд охидуудыг Хятад, Солонгосын хөгшин эрчүүдтэй энд болзуулдаг байсан ч гэдэг.

“БАЛ” БУЮУ “СЕКС ЗАНГА

Архидан согтуурсан, наргиж дарвисан, мансуурсан охид залуучууд цугладаг газар самуун явдалтай, амар хялбар аргаар хөлжсөн этгээдүүд орж ирж байсан нь тодорхой. Эрэлт нийлүүлэлтийн зарчим энд үйлчлэхийг овжин бас харгис хатуу тооцоотой залуус анзаарсан нь мэдээж. “Мөнгө цагаан, нүд улаан” гэгчээр асуудалд хандаж эхэлсэн залуус улс төр, бизнесийн эрх мэдэлтнүүдэд зүсэн бүрийн аргаар ойртох боломжийг харав. Дэлхийн нийтэд аливаа этгээдийг урвуулан татаж өөрийн талд ашиглах “зомби” буюу амьд үхдэл болгох хоёр шалгарсан арга байдаг. Нэг нь мөнгөний занга, нөгөө нь “бал” буюу секс занга юм. Энэ хоёр арга хүн төрөлхтний түүхийн аль ч үед ямар ч нийгмийн байгууллын үед найдвартай ажиллагаагаараа батлагдсан бөгөөд тусгай албад эсхүл тусгай ашиг сонирхолтой бүлэг этгээдүүд өргөнөөр ашигласаар ирсэн. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд ч энэ аргыг хэрэглэж секс боолчлол, хар тамхины зах зээлээ тэлэх зорилгоор гишүүн элсүүлэх ажиллагааг явуулдаг гэдэг. Хар тамхи, бэлгийн мөлжлөгөөр олсон хууль бус мөнгийг угаах зорилгоор хууль ёсны бизнест хөрөнгө оруулах, төрийн тендерийн ажил, төрөөс санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт ажилд оролцох хэрэгцээ шаардлагаа улс төрийн болон бизнесийн нөлөө бүхий томчуудыг дээрх хоёр шалгарсан аргын аль боломжтойгоор занганд оруулах байдлаар хангадаг гэдэг.

Монголд улстөрчидтэй, улс төрийн шийдвэр гаргадаг хүмүүстэй ойр байх нь аливаа бизнесийн ашиг сонирхолтой хүмүүсийн хувьд ажлын хэрэгцээ нэгэнт болсон тул дасан зохицох, бизнесээ өргөжүүлэх үүднээс улс төрийн намд гишүүнээр элсэх нь түгээмэл болсон. Түүнчлэн аль ч нам засгийн эрхэнд гарсан бизнесийн эрх ашгаа хамгаалах үүднээс ах дүүс, хамаатан садан найз нөхдөөрөө өөр өөр намуудад хуваагдан орох гаж үзэгдэл манайд сүүлийн үед эрс нэмэгдсэн.

Э.Өлзийбаяр нь 2012 онд АН нийслэлд ялахад Э.Бат-Үүлийн хүү Чулуудайтай шалгарсан аргаараа өмнө нь танилцсанаа ашиглаж, түүгээр дамжуулж Ардчилсан намаас нийслэлд хариуцлагатай ажил албан тушаал хашиж байсан хүмүүстэй танилцаж мөн л урхидах, занганд оруулах арга мэхээ хэрэглэж байсан талаар зарим нь өөр хоорондоо ярьдаг юм билээ. Гэнэт л нэг залуу гарч ирээд ахаа, эгчээ болооод даргынх нь хүүтэй цуг гүйгээд байхаар зарим нь ажилд нь гэм хоргүйгээр тусалж дэмжиж ч байжээ.
Тухайн үед нь Ардчилсан намын зарим залуус “наадах чинь МАН-ын залуу ш дээ, та нар яагаад бүтэхгүй залуучуудтай уулзаад байна” гэж ч хэлж байсан удаатай. Энэ нь ч батлагдаж Э.Өлзийбаяр нь өөрийн найз нар болох Ж.Тогтохбаяр, Т.Цэрэнноров нарыг МАН-аас Баянзүрх дүүрэгт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болохоор нэр дэвшихэд нь дэмжиж идэвхийлэн ажилласан байдаг.

МАН НИТХ-д олонх болж Нийслэлийн Засаг даргаар Су.Батболдыг томилоход Э.Өлзийбаяр нь Улаанбаатар хотын Берлин хот дахь төлөөлөгч гэж албан тушаал гаргуулан, шагнуулж хэн нэгний “умдаг” атгасан залуу болохоо баталсан юм. 2016 оны сонгуулиас хойш МАН-ын нэр хүнд унаж байгааг анзаарч Ардчилсан намын залуучуудын байгууллагын нийслэлийн дарга болохоор өрсөлдөж МАН-д байгаа спонсор найзуудынхаа дэмжлэг, мөнгөний хүчээр залуусын саналыг татаж санасандаа хүрэв. Гэхдээ мэдээж хүний хүсэл шуналд хязгаар үгүй.

Ардчилсан нам 2017 онд дүрмээ шинэчлэн баталж даргын сунгааг зохион байгуулж бүх гишүүдээрээ даргаа сонгодог болсон. Ингэж сонгогдсон дарга өмнөх дарга нартай харьцуулахад илүү эрх мэдэлтэй, илүү нөлөөтэй, илүү тогтвортой статустай болсон. Нийслэлийн Ардчилсан намын дарга ч нутаг дэвсгэрийн харьяаллын бүх гишүүдээсээ сонгогдсон учир тэр хэрээр нөлөөтэй болсон. Эрх мэдэл, нөлөөтэй хүмүүстэй эхлээд танилцах, дараа нь таалагдах, дараа нь зангандаа оруулах, зангандаа оруулсан бол залж удирдахад амар нь нэгэнт тогтсон жишиг.

Танилцах, таалагдах ажлыг бол дэндүү сайн хийдэгийг нь Ардчилсан намын залуус “гахайн хавдар” өвчинтэй зүйрлүүлэн ярьж байна. “Гахайн хавдар бол агаар дуслын замаар буюу амьсгалын замаар халдаж булчирхайд цочмог үрэвсэл өгдөг. Сайн эмчлүүлэхгүй бол эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг” ажээ.

Залуусын ярьж байгаагаар ах нарт халдварласан “гахайн хавдар” түрүү булчирхайд “массаж” хийлгэх явдлаар үргэлжилдэг ажээ. Мэдээж массаж хийх туршлагатай эсхүл бэлгийн мөлжлөгт ямар нэгэн байдлаар татагдан орсон охид залуус бэлэн байдаг гэх. “Балын” занга (хавх) гэж энэ буюу.

Олон улсын туршлагаас болон манай Монголын цагдаагийн байгууллагын илрүүлсэн бэлгийн мөлжлөгийг таслан зогсоосон хэргээс үзэхэд, охидыг архидан согтоох, мансууруулах, хуурч мэхлэн дотно харилцаа үүсгээд эрхшээлдээ оруулах, айлган сүрдүүлэх, нүцгэн фото зургийг нь өөрсдийн зөвшөөрөлгүй авч түүгээр далайлган сүрдүүлж бусдад үйлчлүүлэх тохиолдол элбэг. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө зурагчин Ө гэх залуу охидуудыг од болгож өгнө, мөнгөтэй компаниудаар ивээн тэтгүүлнэ, топ загвар өмсөгч болгоно гээд нүцгэн фото зургийг нь авсныхаа дараа түүнийгээ олон нийтэд тараана хэмээн айлган сүрдүүлэх замаар бэлгийн харилцаанд орох, бусад этгээдтэй бэлгийн харилцаанд орохыг зохион байгуулах зэргийн үйлдэл хийж байгаад баригдаж шийтгүүлсэн түүхтэй.

Эрх мэдэлтэй, нөлөөтэй хүнийг мөнгөний занганд оруулах нь дэлхий нийтэд нийтлэг байна. Ардчилал өндөр хөгжсөн улсуудад намын дарга нар, парламентын гишүүд, Ерөнхий сайд нар янз бүрийн хэлбэрээр хээл хахууль гэж хэлж болох бэлэг сэлт, аялал, хөнгөлөлттэй үйлчилгээ, үнэтэй үзвэрийн тасалбар, нислэгийн тийз, үнэтэй зочид буудалд тухлах гэх мэтийг авснаас болж ёс суртахууны болон хуулийн хариуцлага хүлээж огцрох нь түгээмэл.

МӨНГӨНИЙ ЗАНГА БУЮУ 35 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН АРСЛАНГИЙН АН

Занганд оруулах гэж байгаа хүнд бол үр дагавар нь хамаагүй байдаг. Учир нь багаараа оролцдог учраас эрх мэдэлтэй хүнийг баталгаатай залж удирдах боломжоо олж авна гэсэн үг. Эрх мэдэлтэй хүнтэй хичнээн ойр болсноо захирагдагч нарт нь зарлан тунхаглаж нөгөөдүүлийг нь айлгаж арга мэхэндээ оруулдаг учраас эрх мэдэлтний нэр хүндэд ихээр халддаг.
Саяхан Сонгинохайрхан дүүргийн АН-ын удирдлагыг Ардчилсан намын даргын өгсөн заавар чиглэлийн дагуу солих дарамт ирсэнийг Э.Өлзийбаяр ба түүний нөхдийн ажиллагааны үр дагавар гэж намын гишүүд үзэж байна. Энэ дарамт ирэхээс өмнө намын даргатай хамт БНСУ-д явж эмнэлэгт үзүүлж эмчлүүлээд ирлээ, сайхан яваад ирлээ, Солонгосын кино од бүсгүйчүүд үзэж хараад ирлээ гэж үеийн залуустаа томорсон гэдэг.
Түүнчлэн намын хамаг “бүдүү”н даргыг Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсад аялуулж, араатны хаан арслан агнуулснаа Э.Өлзийбаяр нь сайрхан ярьж баярхаж дарамталж эхэлсэн юм байна.
Утсан дээрээ авахуулсан зураг дээр нь АН-ын хамаг бүдүүн даргатай цуг Э.Өлзийбаяр, Д.Сүндий, Д.Мөнхнаран зэрэг залуус буудаж алсан арслан дээр хөрвөөж хүчийг нь авдаг цөөврүүдийн (hyena) ёслолтой адил байдлаар бөөнөөрөө налж суусан байсан гэнэ.

Хэдхэн жилийн өмнө Сэсил нэртэй хар зогдорт арсланг АНУ-ын нэг шүдний эмч мөнгө төлж алснаас болж шүдний эмнэлгээ ажиллуулж чадахгүй болтлоо олон нийтийн шүүмжлэл дургүйцлийг төрүүлсэн байдаг. Тэрбээр тавин таван мянган ам.долларын зардал гаргасан гэдэг нь нэгэнт олон нийтэд тодорхой болсон мэдээ. Монгол төгрөгөөр бол 145 сая орчим төгрөг аж.
Нэр бүхий залуус хэдэн ам.долларын зардал гаргаж АН-ын хамаг бүдүүн даргыг зугаацуулж мөнгөний зангандаа хийгээ бол? Сонирхож үзэхэд, marketwatch.com сайтад дурдсанаар Африкийн эр арсланг алахад гучин таван мянган ам.долларын төлбөр төлдөг юм байна. Энэ нь Монгол төгрөгөөр өнөөдрийн ханшаар 91 сая төгрөг болж байна. Дээр нь нислэг, тээвэр, зочид буудал, хоол унд, зугаа цэнгэлд хичнээнийг нэмж зарцуулаа бол?

Энэ зугаалга ба аллага нь Монгол улсын хуулиар нийтийн албан тушаалтан УИХ-ын гишүүнд, намын даргад намын дотор албан тушаал хуваарилуулан авах, сонгуулийн үр дүнгээс шалтгаалж давуу тал өөртөө болон бусдад олж авах гэсэн авлигын гэмт хэрэгт орох бус уу?

Цөөвөр чөтгөрүүд шулмастай нийлж Асланыг алаад газар нутгийг нь гайхамшигт хүмүүстэй нь цуг эзлэн авахаар оролдсон ч Аслан дахин амилан босч шулмасыг цөөвөр чөтгөрүүдтэй нь дийлдэг “Нарниагийн тэмдэглэл” гэж зохиол, кино байдаг.

Э.Өлзийбаярын найз Д.Сүндий нь Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг бөгөөд иргэд ЖДҮХ сангийн мөнгө ийм байгууллагаар дамжиж өндөр хүүтэй хүүлэгддэг бас мөнгө угаах хэрэгсэл болдог гэсэн ойлголттой байх болсон нь бас хардлага дагуулж байна. Нөгөөх найз Д.Мөнхнаран нь гадаадын анчид зуучилж Монголд авчирдаг ажил хийдэг гэх ан агнах тусгай зөвшөөрөл өгдөг салбарт амьтан алуулах цуст бизнестэй гэсэн яриаг залуучууд нь ярьж байна. .
Э.Өлзийбаяр нь өөрөө “Голдраш”, “Монголиан бизнес девелопмент”, “Монголиан транспорт девелопмент”, “Трамико-Азиа”, “Ханмарсел” гэх мэт компаниудын үнэн худал нь мэдэгдэхгүй нэрийн хуудсыг баруун солгойгүй тарааж явдаг бөгөөд эдгээр компаниуд нь үйл ажиллагаа явуулдаг эсэх, татвар төлдөг эсэх нь ч эргэлзээтэй.
Саяхан Сангийн яамнаас тусгай сангуудыг шалгахад “Голдраш” (Алтны халуурал) компани нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олон арван сая төгрөгийн буудайны урамшуулал авсан болох нь тогтоогдсон.
Харин Э.Өлзийбаярын улстөрчдийг занганд оруулахдаа ашигладаг мөнгөний гол эх сурвалж нь “Юнион” гэдэг барилга бөгөөд энэ барилга нь МҮЭХ-ны автобаазын газрыг УИХ-ын гишүүн асан, МҮЭХ-ны Ерөнхийлөгч асан С.Ганбаатар нартай нийлж, албан тушаалыг нь урвуулан ашиглаж завшсаны үр дүнд бий болсоныг олон нийтийн санаа бодлоос мартагнуулах үүднээс зарладаггүй “нууц ноёнтон” бололтой. Олон арван тэрбумаар үнэлэгдэх газар эзэмших эрхийг бүлэг этгээд завшиж, үйлвэрчний эвлэлийн үе үеийн мянга мянган гишүүдийн итгэлийг эвдэн “бизнес”-ийн обьект босгосон нь МҮЭХ-ны гишүүн мянга мянган гишүүдийн эрх ашгийг зөрчөөгүй гэж үү?
С.Ганбаатар нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хууль зөрчиж 50 сая вон авч байгаад баригдаж дуулиан тарьж байсныг олон нийт мартаагүй байна. Энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй болсон. Гэтэл энэ солонгосчууд нь МҮЭ-ийн Соёлын ордны дэргэд сүндэрлэж байгаа барилгын солонгосчууд байсан хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна.
Ийм нэгэн “зангуугаар” мэргэшсэн, “харанхуйн сүүдрийн” залуу одоо АН-д даам гарч эхэлсэн нь АН-ын одоогийн дарга, удирдлагуудыг зангандаа оруулсан хэмээх хардлагыг төрүүлээд байна.

Х.Сонгино
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.