БЗД-ийн 8-р хороо орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил албан ёсоор эхэллээ

1032

Нийслэл хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн түүхэн бүтээн байгуулалт өрнөсөөр байна. Төсөл хэрэгжүүлэх эрхээ авсан аж ахуйн нэгжүүд, иргэдтэй тохиролцоонд хүрч, газраа чөлөөлснөөр ажлаа эхлэх боломжтой болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт ЧД-ийн 13,15-р хороо 72-р сургуулийн орчимд “Буурал сутай”, “Асар өргөө” ХХК-иуд, БЗД-ийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэрийн 1-р хэсэгт “Баганат өргөө” компаниуд ажлаа албан ёсоор эхэлсэн бол өнөөдөр БЗД-ийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэрийн 2-р хэсэгт Батлан хамгаалахын их сургууль орчимд төсөл хэрэгжүүлж буй “Гангар инвест” ХХК шав тавьж, ажлаа эхэллээ.

Шав тавих ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч “Гангар инвест” ХХК, БЗД-ийн 8,16-р хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм. “Гангар инвест” компани нь нийт 39 га газарт дахин төлөвлөлт хийх бөгөөд энэ хэсэгт 400 гаруй айл, ерөнхий боловсролын 1 сургууль, 30 аж ахуйн нэгж хамрагддаг байна.

Төсөл хэрэгжсэнээр иргэд орон сууцанд хамрагдаж, тохилог амины орон сууцтай болж, явган хүний зам, ногоон байгууламж, ерөнхий боловсролын сургууль, кинотеатр, усан бассейн гээд нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх юм. Эхний ээлжинд БЗД-ийн 8-р хороонд 3 блок бүхий 12 давхар орон сууцыг ирэх жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга иргэдэд хандаж “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гэдэг бол түүхэн бүтээн байгуулалт юм. Энэ томоохон төсөлд зориглож орох аж ахуйн нэгж ховор байлаа. Энэ үед 1991 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй барилгын салбартаа туршлагатай “Гангар инвест” компани төсөл хэрэгжүүлэхээр болж, иргэдийн дэмжлэгийг 80 гаруй хувиар авч, өнөөдөр ажлаа албан ёсоор эхлүүлж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд зориг гарган, бүрэн дэмжиж байгаа иргэддээ ч нийт нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэл хотын хамгийн чухал асуудал болсон гэр хорооллыг бид хамтдаа шийдвэрлэж чадсанаараа ирээдүй хойч үедээ барьж буй хамгийн том хөрөнгө оруулалт, түүхэнд бичигдэх гавъяа байх болно. Ажлаа эрчимжүүлж, төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгахыг хүсье” гэж хэлсэн юм. Мөн энэ үеэр БЗД-ийн 8-р хорооны өндөр настан н.Лувсан “1989 оноос хойш би энэ нутаг дэвсгэр амьдарч байна. Ийм сайхан түүхэн бүтээн байгуулалтын гэрч болж байгаадаа туйлаас баяртай байна. Барьсан барилга нь чанартай, Бариулсан иргэд нь аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ