Нийслэлийн ирэх оны төсвийн орлогыг 443,3 тэрбум байхаар тооцжээ

622

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн урьдчилсан танилцуулгыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, 2015–2016 оны төсвийн төсөөллийн урьдчилсан танилцуулгын талаарх мэдээллийг удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлийн ирэх оны төсвийн саналыг Монгол улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн тухай хуульд заасан хугацаанд багтаан дүүрэг, харьяа газар, агентлагуудаас хүлээн авч, нэгтгэн боловсруулжээ. 2014 оны нийслэлийн төсвийн орлогыг урьдчилсан байдлаар 443,3 тэр бум төгрөг гэж тооцож байгаа бөгөөд үүнээс татварын орлого нь 416,7 тэрбум, татварын бус орлого нь 26,6 тэрбум төгрөг байна гэж тооцжээ. Төрөөс иргэдийг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа нь 2014 онд “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулиар нийслэлийн төсвөөс татвар төлөгч иргэдэд олгох татварын буцаан олголтын дүнг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна. Мөн 2013 оны нийслэлийн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан, ирэх онд орлого буурах бодит шалтгааныг тооцсоны үндсэн дээр улсын тэмдэгтийн хураамж, ногдол ашиг, түрээс, ус ашигласны болон газрын төлбөрийг бууруулан бусад нэр төрлийн орлогын өсөлтийг 6-10 хувиар нэмэгдүүлэн тооцож, төсвийн төсөлд тусгасан байна. Нийслэлийн 9 дүүрэг болон нийслэлийн харьяа 43 агентлаг, байгууллагаас ирэх онд 354,1 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэх санал ирүүлсэн байна. Ер нь нийслэл, дүүргийн хот тохижуулах зардалд энэ жил 40,6 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх онд энэхүү батлагдсан дүнгээс 2,8 дахин өсөж 112,4 тэрбум төгрөг болох саналыг ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2013 – 2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажил хотын үйлчилгээг сайжруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Мөн халамжийн санд зарцуулах хөрөнгийг ирэх 2014 онд 25,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 102,4 тэрбум төгрөг зарцуулах санал дүүргүүдээс иржээ. Энэхүү өсөлтийн шалтгааныг халамжийн тэтгэвэрт хамрагдах иргэдийн тоо 2014 онд 4,4 мянган хүнээр нэмэгдэж, 30,1 мянга болох, асаргааны тэтгэмжид хамрагдах иргэдийн тоо 2,1 мянгаар нэмэгдэж, 14,1 мянга болж буйтай холбоотой юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халаалт өнөөдрөөс өгнө