Ургац хураалт түр зогсчээ

1159

Эрт ургацын болон хүлэмжийн төмс, хүнсний ногоог энэ жил есөн аймгийн 110 хоршоо, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 370 гаруй ногоочин нийслэлд худалдахаар мэдэгдсэн тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Үүнээс одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүр, “Урт цагаан”, “Цамбагарав” худалдааны төв гээд гурван цэгт 71 лангуу эрт ургацын болон хүлэмжийн төмс, хүнсний ногоо худалдаж байна. Эрт ургацын төмс, хүнсний ногоо худалдаанд гарсан нь сайн хэрэг ч үнэтэй байна гэж иргэд шүүмжилж байгаа.

Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Н.Оюунсувдаас тодрууллаа.

-Одоогийн байдлаар ургац ямаршуухан байна вэ?

-Энэ жил нийт 7,1 мянган га талбайд хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 3,5 мянган тонн хүнсний ногоо, 1000 тонн нарийн ногоо хураан авсан. Сүүлийн өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар бороо үргэлжлэн орж хүйтэрч байгаагаас ургац хураалт түрдээ зогссон. Одоо түүвэрлэн хураалт хийж байна.

-Нийслэлд эрт ургацын ногоо зарах ногоочдын ирц муу байгаа нь юунаас шалтгаалсан юм бол. Лангуу хүрэлцээгүй байна уу?

-Үндсэндээ гурван цэгт ногоочдын оролцоо, худалдаа жигдэрчихсэн байна. Энэ жилийн хувьд лангуу хангалттай байгаа. Үлдсэн ногоочдоос энэ сарын 15-наас юм уу 25-наас зогсч эхлэх тухайгаа мэдэгдсэн. Дийлэнх нь хураасан төмс, ногоогоо аймгаасаа авчрах зэргээр хувийн бэлтгэлүүдээ хангаж дуусаад наашилж байгаа нь энэ л дээ.

-Иргэдийн хувьд шинэ ногооны үнэ өндөр гэж шүүмжилж байгаа. Үнийг бууруулах боломж бий юу?

-Үнийн асуудалд яам оролцохгүй ч хураалт жигдрээд ургац өсөөд ирэхээр ногоочид маань үнээ бууруулах магадлал өндөр. Одоо борлуулалт жигдрээгүй байгаа учраас хүлэмжийн ногооны ургац 800-1000 төгрөгөөр худалдаж байна. Цаашдаа ногоочид бүгд нийслэлд ирж, худалдан борлуулалт жигдрээд эхэлвэл төмс 500 төгрөг, хүнсний ногоо бөөндөө 600 төгрөгт ороод ирэх боломжтой.

-Хүнсний ногооны дотоодын хэрэглээгээ хангах бүрэн боломжтой гэдэг. Ер нь хэзээнээс хэрхэн хангах боломжтой вэ?

-2016 он хүртэл төмс, хүнсний ногооны хөтөлбөрийг Засгийн газраас батлуулаад, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үр, шатахуун, сорт, ургамал хамгаалал, усалгаа, тоног төхөөрөмжөө сайжруулбал 2016 оны дотор хүнсний ногоогоор дотоодоо бүрэн хангах боломжтой. Хамгийн гол нь сүүлийн үед их яригдах болсон агуулах, савны асуудал шүү дээ. Улсын хэмжээнд 173 мянган тонн механикжсан болон энгийн агуулах ажиллаж байна. Агуулах дутагдалтай учраас 2011 оноос хойш энэ асуудалд эрчимтэй анхаарсаны дүнд энэ жил гэхэд 35 мянган тонн багтаамжтай зоорь хүлээж авахаас өнөөдрийн байдлаар 25 мянган тонн агуулах хүлээж аваад байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.