Элчин сайд нарыг шинэчлэн томиллоо

895

Монгол Улсын идэвхтэй харилцаатай зарим оронд суугаа Элчин сайдуудыг эргүүлэн татах, шинээр томилох асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг тус тус эгүүлэн татахаар боллоо. Харин тэдний оронд Франц улсад М.Батсайхан, Германд Ц.Болор, Канадад Р.Алтангэрэл, Швейцарийн холбооны улсад В.Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахыг гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.

Элчин сайдаар улстөрчдийг томилдог, тухайн улсдаа идэвхи санаачлагатай ажилладаггүй, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр хангалтгүй ажилладаг гэх шүүмжлэл бий. Энэ удаагийн томилгоо улстөрчдийг бус дипломат албанд 20 гаруй жил ажилласан, залуу хүмүүсийг нэр дэвшүүлснээрээ онцлог гэлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог арав гаруй жил даргалсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын талаар маш сайн мэдлэгтэй байхыг сануулсан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Д.Дэмбэрэл нар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчлэхэд онцгой анхаарч ажиллахыг сануулсан.

Франц улсад суухаар томилогдсон М.Батсайхан “Франц монголчуудын эрх ашигийн бололцооныхоо хэрээр хамгаалж ажиллаж байна. Жилдээ 1000-аад иргэнийг хүлээн авдаг” гэсэн бол Швейцарь улсад суух Элчин сайд В.Пүрэвдорж иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэ санал, санаачлага гаргана гэв. Харин Герман улсад суух Элчин сайд Ц.Болор Консулын үйлчилгээнээс гадна "Зөгийн үүр" төслийн хүрээнд “Эх орныхоо төлөө хамтдаа” арга хэмжээ зохион байгуулснаа дурдлаа. Харин Элчин сайд Ш.Алтангэрэл гадаад улсад ямар нэгэн асуудалд орсон иргэдэд туслахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байгааг дурдав. Гадаад харилцааны яамны дэргэдэх Иргэдэд туслах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Томилогдохдоо сайхан үг хэлдэг. Маргааш нь мартчихдаг байж болохгүй. Элчин сайдууд томилолтын хугацаандаа юу хийсэн талаар тайлан тавьдаггүй жишиг бий. Тухайн улсад Монгол төрийг төлөөлж байгаа болохоос хэн нэг хүний лобби, хэн нэгний өмч биш. Гадаадад байгаа монголчуудын албан ёсны бүртгэл байхгүй, төрийн байгууллагуудын гаргасан тоо зөрдөг, элчин сайдуудад нь энэ талаарх мэдээлэл байдаггүй. Манай иргэд гадаадын иргэнтэй гэр бүл болж байна. Хүүхдийн харьяаллын асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр ямар ч санал хэлдэггүй. Монгол хүн гадаад улсад нохойн гөлөг амьдардаг байдал үргэлжилсээр байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, үйлчлэх нь та нарын нэгдүгээр үүрэг байх ёстой. Үүнийг анхаарч ажиллаарай” гэсэн юм.

Нөгөө талаар Элчин сайдуудыг эргүүлэн татахдаа гурван жилийн хугацаанд юу хийсэн, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад анхаарч ажилласан эсэхийг нь УИХ-аар дүгнэдэг байх ёстой гэх санал хэлж байлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ