Монгол үсгийн дүрэм, зөв бичих ёс зүйг эмхэтгэн толь бичиг гаргана

1455

Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Магсаржав “Үндэсний мэдээлийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийлээ. БШУ-ы сайд Л.Гантөмөрийн гаргасан тушаалын дагуу Төрийн хэлний зөвлөлөөс “Монгол хэл бичгийн зөв бичих зүйн журамласан толь бичиг”-ийг гаргах тухай тэрээр мэдээлсэн юм.Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Төрийн хэлний зөвлөл хуралдаж 03 тоот тогтоол гаргасан байна. Уг тогтоолын утга, агуулгыг олон нийтэд үнэн зөвөөр хүргэж, шуурхай түгээхийг тэрээр хүссэн юм.

 

Ерөнхийлөгчийн зарлигаар уламжлал болгон тэмдэглэж буй “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тохиолдуулан “Журамласан толь бичиг”-ийг ирэх есдүгээр сард гаргахаар төлөвлөжээ. Толь бичигт Монгол үсгийн дүрэм, зөв бичих ёс зүйг эмхэтгэх зорилготой юм. Уг номыг бэлтгэн гаргах үйлсэд манай улсын хэл бичгийн ухааны урдаа барьдаг нэрт эрдэмтдийн баг нэгджээ. Толийг хэвлэгдэж олны хүртээл болтол бусад толь зохиогч зөв бичгийн дүрмийн толь эмхлэн гаргахаа түр азнахыг Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Магсаржав санууллаа.

 

“Төрийн албан ёсны хэлний тухай”, “Соёлыг тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтын дагуу Төрийн хэлний зөвлөл нь монгол кирил бичгийн зөв бичих дүрмийг шинэчлэн боловсруулах, эх хэлний сургалтын стандарт, агуулгын хамрах хүрээ болон сургалтын хөтөлбөр боловсруулах талаар баримталж буй бодлого, байр сууриа дараах байдлаар илэрхийлнэ гэж Төрийн хэлний зөвлөлөөс гаргасан тогтоолд тусгажээ. Үүнд,

 

1. “Журамласан толь бичиг”-ийг “Монгол кирил бичгийн зөв бичих зүйн журамласан толь бичиг” хэмээн нэрлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Журамласан толь бичиг”-ийг зохиохын өмнө өнөө хэрэглэж буй “Монгол үсгийн дүрэм”-ийг нэг мөр болгон журамлах бодлого баримталж байгааг дэмжсүгэй.

3. “Журамласан толь бичиг”-ийг бэлтгэн хэвлүүлэх хугацаанд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”, энэхүү тольд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг мөрдөн дагаж байхыг монгол кирил бичгийн бүх хэрэглэгч нарт зөвлөсүгэй.

4. “Журамласан толь бичиг” хэвлэгдэн гартал нийт иргэн, хэрэглэгчийн хүртээл болох хүртэлх хугацаанд монгол кирил бичгийн зөв бичих дүрмийн толь бичиг монгол хэлний тайлбар толь бичиг, олон нийтийн хүртээл болгох ажлаа зогсоохыг бүх төрлийн зохиогчдод зөвлөсүгэй.

5. “Журамласан толь бичиг”-ийг нийтлэгдсэний дараа монгол кирил бичгийн бүх хэрэглэгч монгол хэлний үгийн сан дахь үгсийн бичлэгийг “Журамласан толь бичиг”-ийн ёсоор үйлдэж байсугай” хэмээн 03 тоот тогтоолд заажээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ