Шувуу, Бои комбинатынхан машины тоосонд дарагддаг цаг ард хоцорлоо

1020

Биокамбинат, Шувуун фабрикийн иргэдийн хүсэлтээр Нисэхийн товчооноос Шувуун Фабрик хүртэлх 9 метр өргөнтөй 22,5 км урт авто замын өргөтгөлийн суурь хучилт дуусч, өнөөдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Өмнө нь Нисэхийн товчооноос Био комбинат хүрэх зам нь карьеруудын хүнд даацын машин явснаас эвдэрч, бужигнасан өлөн тоосон дунд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байсан юм. Тиймээс өнгөрсөн оны 10 дугаар сард нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн Био комбинат, Шувуун фабрикийн иргэдтэй уулзах үеэр оршин суугчид замыг нэн яаралтай засаж, зассан замаар дахиж карьерын том машинуудыг явуулахгүй байх хүсэлт тавьж, иргэдийн хүсэлтийн дагуу замыг өргөтгөн шинэчилнэ гэдгээ хотын дарга амласан юм. Зам засах 17 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс шийдвэрлэж, “Тотал Инж” компани гүйцэтгэгчээр шалгаран, энэ оны 4 сараас ажлаа эхэлж, 6 сарын дотор замын суурийн хучилтыг бүрэн хийж дуусчээ.

Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Био комбинатыг бид нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Жаран мянган хүн ам оршин суух дагуул хотыг бий болгоход дэд бүтэц, тэр дундаа авто зам хамгийн чухал. Шинэ замтай болсноор нийтийн тээврийн үйлчилгээ болон нийгмийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх болно” гэдгийг онцоллоо.

Урьд нь Шувуун фабрикаас Вокзал хүртэл 2 цагийн зайтай 2 автобус 800 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг байсан бол өнөөдрөөс эхлэн Шувуун фабрикаас Нисэх хүртэл 30 минутын зайтай гурван автобус 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж байгаа юм.

Нисэхийн товчооноос Биокамбинат-Шувуун фабрик хүртэлх 22,5 км авто замыг ирэх оны 7 сард өнгө хучилт хийн бүрэн ашиглалтад оруулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.