Д.Ганбат: МАН-ынхан байраа зараад ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах ёстой

1433

-Хадгаламж зээлийн хоршоодын хохирогч­дын хохирлыг бараг­дуу­лах тухай хуулийн төслийг УИХ-аар хэ­лэл­цэж байгаа. Та Хохир­лыг эргэн төлөгдөх нөх­­цөлөөр барагдуу­лах тухай хуульд өөрч­лөлт оруулах тухай хуу­лийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албан хаагчийн буруутай үйлд­лээс болсон хохирлыг барагдуулах ёсгүй. Яа­хав, тэр тусгай сангаараа хохирлыг нь барагдуул­даг юм байгаа биз. Сан­гийн мөнгөнөөс гадна татвар төлөгчдийн мөн­гийг хүлээн зөвшөөр­мөөр­гүй байгаа юм. Тат­вар төлөгчдийн мөнгийг хянаж, араас нь хэл ам хийх нь УИХ-ын гишүү­ний нэн тэргүүний үүрэг. Тат­вар төлөгчдийн мөнгийг улс оронд хэрэгтэй зүйлд зарцуулах ёстой. Төрөх эмнэлэг дутагдалтайгаас нэг орон дээр хоёр, гур­ван эх хэвтэж байна. Нэг ангид 40-50 хүүхэд сурч байна. Сургууль, эмнэлэг байгуулахад зарцуулах учиртай байхад төрийн албан хаагчдын завшсан мөнгийг эргүүлэн төлөхөд зориулж болохгүй.

-Ийм байр суурь илэр­хийлсний чинь ха­риуд таныг дарамтал­сан гэсэн үнэн үү?

-Хууль зүйн байнгын хорооны хурлын дараа "Татвар төлөгчдийн мөн­гөнөөс хадгаламж зээ­лийн хоршооны хохи­рогч­дод өгөхгүй бол яахыг чинь харна аа. Тат­вар төлөгчид чинь чамайг хамгаалахыг харна" гэсэн дөрөв, таван мессеж ир­сэн. Өчигдөр (уржигдар) Хууль зүйн байнгын хо­роо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хур­лын дараа дарамталсан мессежээс гадна "Бид­ний амьдрал хэцүү бай­гааг ойлгооч" гэж учирла­сан мессеж ч цөөнгүй ирж байна.

-Хууль зүйн сайдыг дарамталсан хэргийг цагдаагийн байгууллага шалгасан. Танд ирсэн мессеж дотор "Үйлд­лийг чинь мэдээлдэг нүд чих бий, манай аж­лыг эсэргүүцсэнийхээ хариуг амсана" гэх мэт ноцтой үг байна лээ. Хуулийн байгууллагад хандах уу?

-Үгүй ээ. Өмнөх төр, засгийн удирдлагын буруу­тай үйл ажиллагаа, тэдний баталсан хуулиас болж ард түмний нэг хэсэг хохирч, зарим нь амьд­ралаа алдахад хүрээд байгаа нь үнэн. Тэд бу­химдахаас аргагүй. Бухим­дал нь ингэж илэрч байна л гэж ойлгож бай­гаа. Гэхдээ мессежээр бичсэн зүйлсээ хэрэг­жүүл­тэл хол байх гэж най­даж байна.

-Та төрийн албан хаагч­дын завшсан мөн­гийг татвар төлөгчид барагдуулах ёсгүй гэ­лээ. Төрийн албан хааг­чид гэдгээ тодруулаач?

-Тухайн үеийн эрх барьж байсан нам, хуулийг гаргасан нөхдүүд хариуцлага хүлээх ёстой. Тэр хуулийг батлалцсан олон хүн хадгаламж зээлийн хоршоодоос мөнгө зээлсэн гэх мэ­дээлэл ч байгаа. Бүр мөн­гөө хэд дахин өсгөж ав­сан гэх мэдээлэл ч байна. Тэднээс хохирогчдын мөн­гийг гаргуулах ёстой. Мөн хураагдсан хөрөн­гийг дундаас нь завшсан төрийн албан хаагчид ч олон байгааг шалгаж, нэг талд нь багтаах учиртай. Өмнөх Хууль зүйн яам энэ тал дээр дорвитой ажиллаж чадаагүй юм билээ. Харин ч эсрэг талдаа ажилласан юм уу гэж хардахаар олон зүйл бий.

-Хадгаламж зээлийн хоршоодоос хураагд­сан хөрөнгөөс 1.5 тэр­бум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хө­рөн­гө сох дутсан байна лээ. Үүнд хэн буруутай бол?

-Оролцсон бүх шатны байгууллага холбоотой. Мөрдөн байцаах газар, прокурор, Хууль зүйн яам байсаар байтал хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн солиг­дож, мөнгө нь дутаж л байдаг. Төрийн бай­гуул­лагын нэг ажилтан хүртэл найман жилийн дараа нэг тэрбум төг­рөгийг сейфнээсээ гаргаж өгсөн асуудал яригдаж байгаа. Энэ бүхнийг сайн шалгахгүйгээр амар хял­бараар нь татвар төлөгч­дийн мөнгөнөөс гаргуу­лах гэж байгаа нь зар­чимд нийцэхгүй.

-Хуулийн төсөлд тус­гаснаар төрөөс хэ­дэн тэрбум төгрөг гар­гуулж байж хохирогч­дын хохирлыг бараг­дуулах вэ?

-Хуулийн төсөлд тус­гаснаар нэмж 30 гаруй тэрбум төгрөг гаргах юм билээ. Нийтдээ 75 тэрбум гаруй төгрөг байж найман мянга гаруй хү­ний хохи­рол барагдах юм байна. Хохирогчдын хувьд хад­га­ламж, зээлийн хор­шоонд оруул­сан мөнгөө л нэхэж байгаа. 2001 оныхтой харьцуулахад улсын төсөв 20 дахин өсчихсөн учраас хохи­рог­чид үнэ­хээр хэцүү байгаа нь ойл­гомжтой. Тэдний хохир­лыг барагдуулах ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ өмнө нь улсын төсвөөс 36 тэрбум төг­рөгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр улсын төсвөөс гаргасан. Гэтэл тэр мөнгө эргэж төлөг­дөө­гүй. Ийм байдлаар яваад байж болохгүй. Энэ байд­лаар бол буруу жишиг тогтоно. Ер нь тухайн үед бүхэл бүтэн сүлжээ ажиллаж, захиалгатай хууль гар­гас­ны хариуд хэдхэн хүн шоронд сууж, хураагдсан эд хөрөнгө төрийн бай­гуул­лагаар дамжиж зав­харсныг олон түмэн мэдэж байгаа.

-Банк байсаар бай­хад эрсдлийг тооцол­гүй­гээр өндөр хүү харж мөнгөө өгсөн иргэд одоо төрөөс мөнгө нэ­хээд байх нь хэр зөв бол?

-Зах зээлийн нийгэмд янз бүрийн пирамид үүс­гэ­дэг байгууллага олон байна. Тиймээс эрсдлийг тооцох л учиртай байсан. Гэхдээ цөөн хүний асуу­дал байсан бол хуулийн байгууллага учрыг нь ол­чих байсан байх. Найман мянга гаруй хүн ар гэрийн­хэнтэйгээ нийлээд 30-40 мянга болох болов уу. Тиймээс зах зээлийн нийгэмд ороод удаагүй байсан, хууль нь гар­чих­сан, сурталчилгаа явуулж байсан зэргийг харахад иргэдийг буруутгамаар­гүй. Хадгаламж, зээлийн хоршоо байгуулсан нөх­дүү­дийн олонхи нь тухайн үеийн эрх барьж байсан намын нөхдүүд, зээл авсан нь ч МАХН (МАН)-ынхан байгааг тооцож үзэх л учиртай.

-Найман мянга гаруй хүн хохирсоны нөгөө талд одоогийн МАН-ын гишүүд хожсон гэж хэлэх гээд байна уу?

-Тэгж л харагдаад бай­на шүү дээ. Тухайн үед УИХ-д МАН үнэм­лэхүй олонхи байсан. Хадгаламж, зээлийн хор­шооны хууль баталж бай­хад цөөнх эсэргүүцэж бай­сан нь чуулганы прот­колд ч байдаг. Эсэргүүц­сээр байхад маш эрсдэл­тэй хууль баталсан. Да­раа нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хохирол бараг­дуулахдаа ч хяналт тавиагүй. Үүнийг одоо л зогсоож, ном журманд нь оруулахгүй бол буруу жишиг тогтоно.

-Таныхаар хадга­ламж, зээлийн хоршоо­ны хохирогчдын хохир­лыг хэн, яаж бараг­дуу­лах ёстой гэж?

-Тухайн үед хууль баталсан нөхдүүд МАН-ынхан гэж дээр ярилаа. Бүр нэгнийхээ аминд хүр­сэн гэх мэт үр дагавар их бий. Хадгаламж, зээлийн хоршооны эзэд МАН-ын дарга нартай идэж уусан, хундага тулгасан гэрэл зурагнууд ч олон. МАН улсын төсвөөс мөнгө аваад байшин хүртэл барь­сан. Тэгэхээр тэр үнэтэй байшингаа за­раад хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах ёстой. Эсвэл Тусгаар тогт­нолын ордоноо барь­цаалж зээл аваад иргэ­дийг хохиролгүй болгох шаардлагатай шүү дээ.

-Ингэж яривал таныг баримтгүйгээр гүт­гэ­лээ, улс төржлөө гэх болов уу?

-Улстөржөөд, өөрий­гөө харуулах гээд байх шаардлага алга. Энэ үйл явдлыг хангалттай ажиг­лалаа. Дуугүй байгаад байж болохгүй байна. Ийм зүйлийг зас гэж намайг сонгосон байх.

-Таны хэлснээр МАН-ынхан байраа за­раад мөнгө гаргатал удах байх. Хохирогчид Хохирлыг эргэн төлөг­дөх нөхцөлөөр бараг­дуу­лах тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол өлсгөлөн зарлахаа бас мэдэгдээд байгаа?

-Олон сайхан юм ярь­даг МАН өөрсдийгөө харуу­лах хэрэгтэй шүү дээ. Тухайн үед олонхи байж ийм зүйл хийх хууль баталсныхаа хариуц­ла­гыг үүрэх ёстой. Ингэвэл энэ нам өөрсдийнхөө бу­рууг хүлээдэг, татвар тө­лөгчдийн мөнгөнд хуруу дүрэлгүй асуудлыг шийд­дэг юм байна гэж хараг­дана. Би МАН-ынханд ийм санал тавих болно. Эхлээд хохирогчдын мөн­гийг төлөөд дараа учрыг нь олж буруутай этгээдүүдээс мөнгөө олж авна биз. МАН-ынхан Хадгаламж банкны 14 тэрбум төгрөг, МАН-ын­хан мөрийтэй тоглосон зэрэг татвар төлөгчдийн мөнгийг үрчихээд өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөө­гүй. Буруутай нөхдүүд нь гурав, дөрвөн жил шо­ронд суусан нэртэй га­даадад зугаалаад явж болохгүй биз дээ. Татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүй луйварчдын хийсэн үйлдлийг цагаат­гахад зориулаад байж боломгүй. Үүнд иргэд ч хяналтаа тавих нь зөв.

-УИХ-ын чуулганы өнөөдрийг хуралдаа­наар УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэ­лэл­цэх товтой. Гэтэл МАН-ынхан Д.Сумъяа­базарыг танга­раг өргүү­лэхгүй бол УИХ-ын дэд даргыг сонгохгүй гэд­гээ мэдэгдсэн. Ийм барь­цаатайгаар төрийн ажлыг гацаах нь зөв үү?

-УИХ-ын дэд даргыг сонгоход ийм барьцаа ярьж завсарлага аваад байх нь онцгүй биз дээ. Д.Сумъяабазарын ту­хайд хуульд юу гэж заа­сан байдаг юм, түүгээр л явна. Хуулийн шаард­лага хангаж байвал тэр хүн тангарагаа өргөөд л ороод ирнэ биз дээ. УИХ-ын дэд даргад нэр дэв­шиг­чийг хэлэлцээд л сон­гох асуудал. Үнэндээ бол манай бүлгийн асуудал. Үүнийг МАН-ынхан га­цаах нь утгагүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin 202.72.245.150 MONGOLIA
MONGOLIA
ta nar er ni uursdiihuu hurunguur mongol ulsaa uud ni tatwal yasiin bee, ta nariin hurungu chini aimar yum bileeshdee, yuun gadaadaas guilaga guih bond bosgoh enee teree, ichij amidraach nowshuudaa.
Цаашдаа сэрүүснэ