Цэц: Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн тов нь Үндсэн хууль ЗӨРЧСӨН


Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Уг асуудлаар нэр бүхий дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, энэ дагуу дунд суудлаар хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан  “Сонгуулийн тухай хуулийн УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 49-р тогтоол Үндсэн хууль ЗӨРЧӨӨГҮЙ байна. Харин  УИХ-ын нөхөн сонгууль товлосон тогтоол тус тус ЗӨРЧСӨН гэж үзсэн”  байна. Учир нь Сонгуулийн хуульд санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоохоор заасан байдаг. Гэтэл УИХ тус хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон нь ҮХ зөрчсөн байна Түүнчлэн Төсвийн тухай хуульд нөхөн сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг энэ жил Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн мөн хууль зөрчиж байгаа аж.   Холбогдох хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлж, ажлын 15 хоногт багтаан хүлээж авах эсэх шийдвэрийг нь баталгаажуулах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна